Монголчууд олноороо зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр ажиллаж амьдарч, мөн Их, дээд сургуульд нь суралцаж байдаг Өмнөд Солонгост коронавирусийн эсрэг вакцинжуулалт II.26-ны баасан гаргийн өглөөний 09.00 цагаас анхлан “AstraZeneca” вакцины эхний тунг иргэддээ хийснээр эхэллээ. Энэ нь сайн мэдээ байв. Бямба гаргаас (II.27) хоёр дахь төрлийн “Pfizer” вакцинаар дархлаажуулах ажлын гараагаа тавив. Нэмж дурдахад, Монголын олон оюутан суралцдаг Японд II.17-ноос эхлэн  40 мянган эмч, сувилагч нараа “Pfizer” вакцинаар бүрэн дархлаажуулах ажил эхэлсэн. Хилийн чанадад Өмнөд Солонгос, Японд суугаа үндэс угсаа нэгт монголчууд маань ирэх гуравдугаар сарын төгсгөл, дөрөвдүгээр сарын түрүүчээс солонгос, япон иргэдийн нэгэн адил дархлаажуулалтад хамрагдаж, Ковид-19-ийн эсрэг вакцин хийлгэж эхлэх төлөв прогноз гарчээ. Манайд коронавирусийн эсрэг дархлаажуулалт  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “AstraZeneca” вакцины эхний тунг II.23-ны үдэд тариулснаар албан ёсоор эхэлсэн.

Монголчууд бид дэндүү цөөхөн. Монгол Улсын хүн ам XX зуунд халдварт өвчнүүдийн эсрэг зориулалттай дархлаажуулалтын вакцин, улаан цагаан тариа хийлгэсний үр дүнд эрүүлжиж 1963 онд Нэг сая, үүнээс 25 жилийн дараа 1988 онд Хоёр сая, дахиад 27 жил үдэж байж  2015 онд Гурван сая гэсэн тоонд хүрсэн. Монгол үндэстэн эзэн Чингис хааны байгуулсан их гүрний гал голомт нутаг, газар шороон дээр эргэж буцалтгүйгээр “маш олон болтугай”-н ерөөлийн бодит биелэл болж байгаагийн гол нөлөө, ач тус нь товчхоноор илэрхийлэхэд  “вакцин, вакцин бас дахин вакцин” байлаа. Мөнх тэнгэрийн хүчин дор монгол үндэстэн устаж мөхөхгүй айл болгон “үрээ танихгүй олон” болоход хойшид ч вакцин хэрэгтэй. Оросын суут эрдэмтэн Лев Гумилев (1912-1992) өнгөрсөн зуунд “монгол үндэстэн 500 жилийн хугацаанд мөхөж устах нь” гэж халаглаж байжээ. Тэрбээр, хүн ард нь “хормойн” голдуу нийгмийн халдварт өвчинд баригдсан Монгол орон цаашид ийм байдлаараа бол үндэстний хувьд оршин тогтноход  ердөө 500-хан жилийн настай гэж санаа зовнихдоо Төр, засаг нь анхаараг хэмээн хатуу үг хэлж байжээ. Лев Гумилевийн үгэнд ороод үе үеийн Төрийн өндөрлөгүүд орчин цагийн анагаахын шинжлэх ухааныг импортолж эх орондоо нутагшуулж иргэдээ вакцинжуулах болсон гэж шууд тайлбарлах нь утгагүй л дээ. Эрдэмтний үгийг ухаж танибал тэр үед төдийгүй, өнөөдөр ч Коронавирусийн цар тахлын үед вакцин хийлгэх нь иргэн хүний хувийн эрх чөлөөний асуудал биш, Монгол үндэстний мөнхөд оршин тогтнох, нийт тоо нь хорогдох, эс хорогдохын тухай том ойлголт ажээ. Ардын уран зохиолч Б.Бааст гуай “Монгол тулгатны 100 эрхэм”-д зочлохдоо 1940-өөд оны Улаанбаатарт иргэдийн эрүүл мэндийн талаарх нөхцөл байдлаас жишээ татаж ярьсан. Тэрбээр Ховд аймгаас замын машинаар анх нийслэлд ирж Тээврийн товчоон дээр буугаад хаашаа л харна нүүрнийхээ хамрын хэсэг дээр хөдөс (элдэж зөөлрүүлсэн ямааны арьс) наасан охид, хүүхнүүд байна гэнэ. Б.Бааст гуай хөдөө нутагтаа байхдаа Улаанбаатарын гангачуул “хүрээ хүүхнүүд” –ийн тухай яриа их сонссон болохоор, хамар дээрээ хөдөс тавиатай нь тэдний хамрын гоёлын маск ажээ хэмээн эндүүрсэн байдаг. Гэтэл юуны маск байх вэ, “хормойн” халдварт өвчний улмаас хамрын мах нь унасан эмэгтэйчүүд хоёр чихнийхээ араар хийсэн оосортой, 8х8 см хэмжээтэй хөдсөөр тэр хэсгээ халхалдаг байжээ. Ардын уран зохиолчийн яриагаар бол, 1940-өөд онд улсын хүн ам 750 мянга байсан ба түүнийг Улаанбаатарт суурьшсанаас хойш хэдхэн оны дотор Соёлын довтолгооны хөтөлбөрийн хүрээнд  их ажил өрнөж, гамшиг болон дэлгэрээд байсан халдварт өвчнүүдийн эсрэг улаан цагаан тариа, вакцин тарилгыг төрөл бүрээр нь хийж байж ард түмэн маань эрүүлжсэн байх юм.

Эх орон нэгт, Монгол Улсын иргэддээ “Дархлаажуулалтын хуулийн хүрээнд Танд коронавирусийн эсрэг Вакцин хийнэ гэвэл шууд зөвшөөрөөрэй” гэж уриалъя. Хэдийгээр сайн дурын үндсэн дээр гэдэг утгаар хэн нэг нь Вакцин хийлгэхгүй эрхээ эдэлж, дархлаажуулалтаас сугарч үлдэж болно. Улмаар Ковид-19-ийн халдвар аваад нас барж болно, бүр эсрэгээрээ өвчилсөн ч амьд үлдэж бие махбодод нь эсрэг биет үүсч дархлаа тогтож энх тунх урт удаан насалж болно. Энд нэг хувь хүний тухай яригдаж байна. Харин Вакцин хийлгээгүй билэг танхай тэрхүү нэг иргэнээс маш олон хүнд Ковид-19-ийн халдвар тархаж цар тахлын голомтын гинжин урвал үүсч эрдэнэт монгол хүний алтан амь ихээр үрэгдвэл яах вэ. Вакцин хийлгэх хуваарьт орсон ч өөрийн сайн дураар эс зөвшөөрөх бодолтой хүмүүст хандаж “Та вакцин хийлгэхгүй үхэж болно, харин Танаас болж Монгол үндэстэн хорогдох ёсгүй” гэдгийг сануулъя.

 

 Эх сурвалж: udriintoim.mn