Эрүүл мэндийн яам, ДЭМБ-тай хамтран Зүүн өмнөд Ази болон Номхон далайн баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөнийг энэ сарын 21-23-нд манай улсад анх удаа зохион байгуулна.

Уг зөвлөгөөнд Америк, Австрали, Япон, Солонгос, Хятад, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ын төв болон бүсийн мэргэжилтнүүд оролцож дэлхий дахины томуу, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж туршлага солилцох юм.

Мөн хүйтний улирал ойртож, томуугийн дэгдэлт тархах эрсдэл нэмэгдэж буй энэ үед уг өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, томуугийн вирусийн онцлог, тандалт хяналтын талаар зөвлөмж гаргах юм.

Уур амьсгалын өөрчлөлт, даяаршил, хотжил, хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан томуугийн халдвар хил хязгааргүй тархах болжээ. Тухайлбал, 2009 онд өмнө нь хүнд оношлогдож байгаагүй томуугийн A(H1N1) хэв шинжийн шинэ вирусээр сэдээгдсэн халдвар анх бүртгэгдсэнээс хойш гурав хүрэхгүй сарын дотор цар тахлын хэмжээнд хүрч дэлхийн 100 гаруй улсыг хамарсан байна. 

Иймд томуу, томуугийн цар тахлаас сэргийлэх арга хэмжээг ДЭМБ төдийгүй улс орнууд хамтран зохион байгуулж, ихээхэн анхаарал хандуулах болсны нэг нь энэхүү олон улсын арга хэмжээ юм.