“Биелэгдэшгүй даалгавар”-ын долоодугаар цуврал анги дээр ажиллаж буй Том Круз нисдэг тэргээр өдрийн цайндаа явах болсон гэнэ. Их Британийн түгжрэл, цар тахал, олон нийтийн сонирхсон харц гээд олон зүйлээс хол байж, ажлаа амжуулахын тулд Ричмондод орших гольфын клубын байранд өдрийн цайгаа уух болсон гэнэ.

Их Британийн үйл явдал багатай, хүн ам цөөтэй газар гэнэт нисдэг тэрэг талбай дээр бууж, дотроос нь Том Круз үсрэн буусан нь зарим хүнд үнэхээр “Биелэгдэшгүй даалгавар”-ыг амьдаар үзэж буй санагдсан аж.

Том Круз киноны шинэ ангийн зураг авалтыг Их Британид хийхээр болж, бүр улсынх нь тэргүүнээс хүртэл тусгай зөвшөөрөл авсан гэдэг.

Эхлээд Том Круз Италид зураг авалт хийхээр төлөвлөсөн ч цар тахал түгснээр Их Британи руу шилжсэн юм. Түүнийг Оксфордширд тусгай хаалттай тосгон байгуулж, кино зураг авалтаа үргэлжлүүлж буй тухай өмнө нь мэдээлсэн.

“Биелэгдэшгүй даалгавар”-ынхаа энэ ангийг биелүүлсний дараагаар Том Круз SpaceX-ийн Илон Масктай хамт огторгуйд хөөрөхөөр яриад тохирчихсон, зарлачихсан яваа.

Р.Гэгээ