Өдрийн Тойм - Чухлыг тоймлоно

Онцлох

    ТУЛААНЫ УРЛАГИЙН МАСТЕР МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ТЭРГҮҮЛЛЭЭ

    2017-07-09 11:48
    Categories: Онцлох

     

    Б.Түшиг

    Их Британийн “Daily Mail сонинд манай улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ингэж бичжээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэл ам ихтэй өрсөлдөөний эцэст түүхэн дэх анхны дахин санал хураалтад тулааны урлагийн мастер, гялалзсан бизнесмен Х.Баттулга тэргүүлэн эрдэс түүхий эдээр баялаг ч өрөнд баригдсан тус улсыг удирдах төлөвтэй боллоо.

    Сөрөг хүчний Ардчилсан намаас нэр дэвшсэн ЗХУ-ын тулааны урлаг самбогийн дэлхийн аварга асан 54 настай Х.Баттулга сонгогчдын саналын хуудасны 87 хувийг тоолсны дараа 50.7 хувийн санал авсан гэж тус улсын СЕХ мэдээлээд байна.

    СЕХ сонгуульд ялагчийг бямба гаригийн орой албан ёсоор зарлах ч Х.Баттулга хэвлэлийн бага хурал дээр, “Монгол яллаа. Миний бие амласныхаа дагуу улс орны эдийн засгийн хүндрэлийг даван туулж, монголчуудыг өргүй болгохын төлөө ажилдаа нэн даруй орно” гэж мэдэгджээ.

    Тус улсын парламентад олонхийн суудалтай МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын дарга М.Энхболд сонгогчдын 41 хувийн санал авч, харин сонгогчдын 8.3 хувь нь аль ч нэр дэвшигчийг дэмжээгүй байна.

    Орос, Хятадын дунд хавчуулагдсан өргөн уудам газар нутагтай тус улсын гурван сая иргэний нэлээд нь нэр дэвшигчдэд урам хугаран саналын хуудсыг бөглөлгүй “хоосон” санал өгөх кампанит ажил өрнүүлсэн билээ. Сонгуульд ялалт байгуулахын тулд аль нэг нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авах ёстой бөгөөд эс тэгвээс намууд өөр хүмүүсийг нэр дэвшүүлэх дахин сонгууль болох хуулийн заалттай ажээ.

    Шинэ Ерөнхийлөгч тус улсын эдийн засгийг тогтворжуулж, Монголын экспортын бүтээгдэхүүний 80 хувийг худалдан авдаг Хятадаас хэт хамаарахыг багасгах зорилготой ОУВС-ийн тэргүүлсэн 5.5 тэрбум ам.долларын тусламжийн хөтөлбөрийг өвлөн авах юм.

    ЗХУ-ын дагуул байсан тус улсын эдийн засаг өнгөрсөн жил ердөө нэг хувиар өссөн бөгөөд энэ нь 2011 оны 17 хувийн өсөлттэй харьцуулшгүй үзүүлэлт гэдэг нь тодорхой.

    Тус улсад экспортынх нь гол бүтээгдэхүүн зэсийн үнэ 50 гаруй хувиар унасан нь хүндээр туссаны дээр томоохон хэрэглэгч Хятадын өсөлтийн хурд саарсан нь байдлыг улам даамжруулжээ.

    4.1 сая ам.доллараар Чингис хааны аварга том хөшөө босгосон үл хөдлөх хөрөнгөний магнат Х.Баттулга тус улсын уул уурхайн баялгийг ашиглан ард иргэдээ өрнөөс гаргана гэж ам гарсан билээ.

    Одоогийн Ерөнхийлөгч, Х.Баттулгын адил Ардчилсан намын төлөөлөгч Ц.Элбэгдорж боломжит хамгийн урт буюу хоёр удаа тус бүр дөрвөн жилийн хугацаагаар Ерөнхийлөгчөөр сонгогдсон тул энэ удаагийн сонгуульд нэр дэвшээгүй юм.

    Британийн Коламбийн их сургуулийн монгол судлаач Ж.Диэркесийн хэлснээр, дахин санал хураалтад Х.Баттулга тэргүүлсэн нь сонгогчид МАН-ын парламент дахь хэт давамгайллыг тэнцвэржүүлэхийг хүссэний илэрхийлэл ажээ.

    Ж.Диэркес, “Х.Баттулгын хамгийн хүндрэлтэй асуудал бол МАН-ын давамгайлал бүхий парламенттай хэл амаа ололцох явдал болно. Мэдээж хэрэг парламент Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгах Үндсэн хуулийн шинэчлэлийн хэлэлцүүлгийг нэн даруй эхлүүлэх болов уу” гэж ярьсан юм.

    Өнгөрсөн зургадугаар сарын 26-нд болсон сонгуулийн эхний шатанд гурван нэр дэвшигчийн нэг нэгнээ харлуулан гүжирдэх хэрүүл шуугиан сонгогчдын сэтгэлийг хамгийн ихээр зовоож буй эдийн засаг, ажилгүйдлийн асуудлаас хөндийрүүлсэн билээ.

    Эхний шатанд М.Энхболд МАХН-ын С.Ганбаатараас ердөө 0.1 хувийн санал илүү авсан юм. С.Ганбаатар саналаа луйвардуулсан хэмээн мэдэгдэж дахин тооллого явуулахыг шаардсан ч сонгуулийн дүнг өөрчлөлгүй баталжээ.

    Ер нь сонгуулийн эхний санал хураалтаас өмнө Х.Баттулга, М.Энхболд хоёулаа элдэв дуулиант хэрэгт нэр холбогдсон.

    М.Энхболд МАН-ын хоёр нэр бүхий гишүүнтэй Засгийн газрын албан тушаалуудыг 60 тэрбум төгрөг (25 сая ам.доллар)-өөр худалдах талаар хэлэлцэж буй бичлэг ил болсон юм.

    Тэгвэл Х.Баттулгын “offshore” дансуудыг дэлгэсэн, Авилгалтай тэмцэх газар түүний ойрын хүмүүсийг саатуулсан тухай мэдээлэл цацагдаж байлаа.

    Хэдий тийм ч сонгуулийн эхний болон дахин санал хураалт хоорондын хоёр долоо хоногийн хугацаанд олон нийтийн санал Х.Баттулгын зүг эргэсэн гэж Ж.Диэркес ярьсан юм. Түүний тэмдэглэснээр, өнгөрсөн мягмар гаригт МАН сар болгон хүүхэд тус бүрт сар болгон 20 мянган төгрөг (найман ам.доллар) олгохоо мэдэгдэн нэр дэвшигч М.Энхболдод нь олны саналыг эргүүлэхийг оролджээ. Тэгвэл Ардчилсан нам үүний хариу болгон Х.Баттулгыг сонгогдвол оюутнуудын болон малчдын өрийг тэглэхийг Засгийн газарт даалгана гэж амласан аж.

    Эх сурвалж: news1.mn

    Ажлын өдрийн тойм мэдээгээ үнэгүй аваарай.

    Share This