Англид коронавирусийн цар тахлын дэгдэлтээс сэргийлж хөл хорио тогтоосонтой уялдуулж тус улсын хөлбөмбөгийн АШТ – Премьер лигийг гуравдугаар сарын дунд үед түр завсарлуулсан. Харин Их Британид хорионы дэглэмийг ирэх зургаадугаар сарын 1-нээс сулруулж спортын бүх төрлийн тэмцээнийг зохион байгуулахыг Засгийн газраас зөвшөөрсөн шийдвэр  саяхан гаргалаа. Энэ шийдвэрийн хүрээнд Английн хөлбөмбөгийн Премьер лигийн тоглолтуудыг ирэх сард үргэлжлүүлэх боломжтой болов. Тус лигт нийт 20 баг хоорондоо тус бүр талбайдаа болон зочлон хоёр удаа, нийт 38 тойрог тоглож аваргаа тодруулдаг билээ. Гуравдугаар сард Премьер лигийн хорин багаас  зарим нь 28, ихэнх нь 29 дүгээр тойргийн тоглолтоо дуусгаад завсарласан ба ирэх сард үлдсэн есөн тойргийн тоглолтууд болж аварга, дэд аварга, хүрэл медальт багаа тодруулж тэмцээнээ дуусгахаар болов. Хүснэгтийг Ливерпүүл 82 оноо (29 тойрог тоглосон), Ман Сити 57 оноо (28), Лестер Сити 53 оноо (29), Челси 48 оноо (29), Ман Юнайтед 48 оноо (29)-тойгоор тэргүүлж байхад лиг завсарласан. Алдарт Ливерпүүл клуб аварга болоход үлдсэн есөн тойргоос хоёр хожлын зургаан оноо шаардлагатай юм. Шинжээчид тус багийг энэ улирлын аваргаар аль хэдийнэ урьдчилан зарласан бөгөөд Аваргуудын лигийн эрх олгодог 2-4 дүгээр байрын төлөөх өрсөлдөөн тун сонирхолтой, таахад хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Манайд телевизээр гардаг Европын хөлбөмбөгийн топ хоёр лиг нь Английн Премьер лиг, Германы Бундеслиг. Германд цар тахлын хорио дэс дараатай цуцлагдаж байгаагийн үр дүнд Бундеслигийг энэ тавдугаар сарын 16-наас эхлэн үргэлжлүүлэхээр болсон нь манай хөлбөмбөгийн хорхойтнуудыг баярлуулсан үйл явдал болсон. Удахгүй дараа сард Английн Премьер лигийн тоглолтуудаа телевизээр үзэхээр болж буй  нь баяр дээр баяр нэмэх нь лавтай.

Эх сурвалж: Udriintoim.mn