Коронавирусийн цар тахлын үед Ковид-19-ийн эсрэг вакциныг импортлох, тарих асуудлыг Т.Мөнхсайхан сайдтай Эрүүл мэндийн яам бүрэн хариуцаж байгаа. Учир нь Монгол Улсын Дархлаажуулалтын хуулийн 11.2.-д “Тархвар судлалын заалтаар сэргийлэх тарилга хийх хугацаа, журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан.

Манай улсад ДЭМБ-ын зөвшөөрөлтэй вакциныг нэгдүгээр улиралд дөрөвдүгээр сарын 1-ээс өмнө хилийн чанадаас нийлүүлэх тухай урьд нь яригдаж байсан. Харин Т.Мөнхсайхан сайд ирэх Гуравдугаар сарын 1-нээс өмнө гэж хугацааны хувьд урагшлуулсан сайн мэдээг ард иргэддээ сонордууллаа.

Дэлхий даяар вакциныг хүмүүст сайн дурын үндсэн дээр хийх журамтай. Хүмүүс сөрөг ойлголтод автагдаж Коронавирусийн эсрэг вакцин өөртөө хийлгэхээс татгалзахад “заавал хийлгэ” гэж шахах хууль зүйн үндэслэл байхгүй гэсэн үг. Энэхүү үл итгэх явдлыг таслан хязгаарлаж вакцины ач тусыг ард нийтдээ сурталчилж эерэг ойлголт төрүүлэхийн тулд, вакцинжуулалтын кампанит ажлаа эхлүүлсэн зарим улс орны Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар хамгийн эхний ээлжид телевизийн камерын өмнө тарилга хийлгэлээ.

Тухайлбал, АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден, Грекийн Ерөнхийлөгч хатагтай Катерина Сакелларопулос, Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Сербийн Ерөнхий сайд Ана Брнабич хатагтай, Чехийн Ерөнхий сайд  Андрей Бабиш нар ил тод байдалд телевиз үзэгчдийн өмнө Pfizer/BioNTech-ийн вакцин хийлгэв. Гуравдугаар сарын 1-нээс өмнө манайд эхлэх вакцинжуулалтын эхний ээлжид Коронавирусийн эсрэг вакциныг дээр дурдсан сайн үйлсийн зорилгоор манлайлан тариулах эрхэм нь Төрийн гурван өндөрлөгөөс хэн нь байх бол?

Эх сурвалж: udriintoim.mn