Өмнөговийн Баян-Овоо. Зээглэнхэн алслах бөмбөгөр ягаан толгод нь зээ татсан энэ сайхан нутгаас төрсөн нэгэн эрхэм бол соёлын гавьяат зүтгэлтэн, Чингис хааны академийн жинхэнэ гишүүн, хэл бичгийн ухааны доктор, төрийн хан хуурч Цэенгийн ЦЭРЭНДОРЖ бөлгөө. Түүнийг төрийн хан хуурыг анхлан залсан гэдгийг хүмүүс мэднэ биз ээ.  

1948 онд Хайрхны ширүүнд нутаглаж байсан малчин ард Б.Банзрагчийнх бүл нэмж, нэгэн хүү мэндэлсэн нь Цэрэндорж.

“Хуур магнай”, “Хуурын эгшиг”, “Хурц арслан Дэмүүл” зэрэг нэжгээд ном бичсэн тэрбээр бага насаа ийн дурсах авай.

Яавал мундаг хуурч болох вэ

-Намайг нэг настай байхад ээж минь хорвоогийн мөнх бусыг үзүүлж, аав минь олон нялх хүүхэдтэй үлдсэн юм билээ. Тэгээд өөрийн хамаатан болох Дашнямынд намайг өргүүлсэн гэдэг.

Манайх 70-аад үхэр, 30-аад тэмээ, 10-аад унааны морьтой айл байв. Гэрийн хойморт төмөр цартай жижигхэн морин хуур залаастай. Толгойгүй ээ, тэр нь.

Нэг өдөр хуурч Ролжин гэдэг хүн манайд ирсэн юмдаг. Гэр дээр нэг юм тавьчихаад орчихоор нь хүүхэд л болсон хойно буу юм болов уу гэж сонирхоод үзтэл морин хуур байсан. Ширэн цартай, манай муу хуурны дэргэд толгойтой, их гоё. Тэр хүнд цай, хоол хийж өгсний дараа Амаа “За, Ролжин гуай хуурдаарай” гээд л. Би өргөж авсан аавыгаа Амаа гэж авгайлдаг байсан юм.

Тэр хүн хуурдах гэж ёстой л үзүүлж өгсөн. Би ч амаа ангайх нь халаг биширч байлаа. Яавал энэ хүн шиг мундаг хуурч болох вэ гэж дотроо нууцхан бодоод байгаа юм аа.

Ганцаараа концерт тоглох багшийгаа биширсэн

-Найман настайдаа бага сургуульд орлоо. Амаа минь намайг долоон настай байхад өөд болсноор би ээж Цэенгээр овоглох болсон хэрэг. Манай сум тэр үед одоогийн Налих багийн төв дээр байрлаж байв. 40-өөд айлтай, сургууль зуу гаруй сурагчтай.

Анхны багш минь Равданжамц. Сүүлд гавьяат багш болсон. Дараа нь Бадамгарав, тэгээд Бавуудорж багш манай ангийг дааж авсан. Бавуудорж багш их авьяастай. Нэг удаа багш сумын Улаан буланд ганцаараа концерт тоглож билээ. Мандолин, лимбэ, хуучир, баянхуур зэрэгцүүлж тавьчихаад захаас нь тоглоод л.

Хөгжмөө дангаар нь тоглохгүй бас дуулна. Завсраар нь хошин шог юм ярина. Гайхалтай. Урлагийн сайхныг тэгэхэд л мэдэрсэн дээ.

“Одоо манайд очиж ерөөл хэлнэ ээ”

-Багш бидэнд “Гүүний үрс гаргах ерөөл” цээжлүүлсэн юм. Ээжийн дүү Сандуй ахынх олон адуутай. Мөнгөн эмээл, хазаар, хударгыг нь хаврын эцсэн морь даахааргүй. Морио дандаа ижилсүүлж унана. Хоёр хонгор, хоёр хар, эсвэл хоёр ухаа гээд. Нутгийнхан “Ганган” Сандуй л гэх.

Дөрөвдүгээр ангиа төгсөөд амралтаараа гэртээ ирээд байхдаа би Сандуй ахын адуу малыг услалцана. Тэгж явахдаа нөгөө ерөөлөө зүгээр л шүлэг шиг уншаад л. Тэр зун олон айл гүүгээ нэг өдөр зэрэг барьсан юмдаг. Арав гаруй айл. Ойрхон бууцгаачихсан. Өглөө нь нэгнийхийгээ хэсч унагыг нь уячихаад үрсээ гаргах болцгоов.

Манай говийнхон чинь гүүний үрс гаргах гэж том баяр хийдэг. Тэгээд Сандуй ахынхаас эхлэх боллоо. Ерөөл хэлэх юм болов.

Тэгтэл Сандуй ах “Манай эгчийн хүү нэг юм уншаад байдаг юм. Түүнд өг” гэдэг байгаа. Хадагтай, аягатай сүүг нь аваад

Элдэв учрал бүрдсэн

Эрдэнийн цогзол бадарсан

Эрхэм гайхамшигт

Энэ сайн өдөр.. гээд л тууж өгөв. Тэгтэл хүмүүс:

-Үгүй, энэ Цэенгийн хүү чинь ерөөлч болох нь.

-Их хөөрхөн юм уншчихаж байна шүү хэмээн өөр хоорондоо шивэр авир гэлцээд л.

Уншиж дуусаад хадаг, аягаа эзэнд нь өгтөл “Хүү минь, хадгийг нь ерөөлч өөрөө авдаг юм. Ав, ав” гэв. Гүүгээ барьсан айлын хүмүүс “Одоо манайд очиж ерөөл хэлнэ ээ” гээд.

Тэр өдөр унагаа уясан бүх айлыг хэсч ерөөлөө хэлэв. Хадаг, чихэр, боовоор өвөр ч дүүрч түнтийсэн л юм боллоо. Үдэш нь гэртээ ирээд нэг дээл дэвсч байгаад бүсээ тайлтал саррр гээд бөөн юм унаж байгаа юм чинь.

Ээж гайхаад “Энэ чинь юун олон хадаг вэ. Арай хүний юм авчихсан юм биш биз” гээд айж байгаа бололтой. “Айлуудад үрсний ерөөл хэлсэн чинь өглөө” гэтэл “Ишш, овоо доо, миний хүү, хүн л болох гэж байгаа юм байна даа. Хадаг цугласан айлд буян хишиг тогтдог юм” хэмээн баярласандаа уйлж байж билээ. Тэгэхэд есөн айл хадаг өгсөн байсан сан.

 

Гутлын цоорхойгоор цас чихчихнэ

-Тавдугаар ангидаа Цогтцэций сумын долоон жилийн сургуульд очиж суусан юм. Дотуур байранд байх. Гэрээсээ хол таних ч хүн байхгүй, хэцүү. Ээж минь эргэж ирж чадахгүй. Гутлын ул цоороод сэнж болчихсон. Нөгөөхөөр нь цас чихчихнэ.

Их зутарч нэг өвлийг давсан. Харин тэр үед ахлах ангийн Гараммядаг гэдэг охин намайг өрөвдсөн юм уу, нэг цагаан ултай гутал өгч билээ. Миний баярласан гэдэг тоймгүй.

Хавар нь гэртээ иртэл ээжийн хөл нь өвдөөд ядарсан шинжтэй байхаар нь буцаж сургуульдаа яваагүй. Тэгээд төлөг, дараа нь хуц, ухна хүртэл маллаж үзэв. Тэр жилийн өвөл нь их зуд болж, манайх өөр сумын нутаг руу нүүсэн юмдаг.

Тэгтэл нэг өдөр багийн дарга Мандал давхиад ирэв. “За, Цэрэндорж явна аа. Сумын төвд очиж туслах ажилчин болно. Ээж чинь цаг гайгүй болохоор хойноос чинь нүүгээд очно биз” гэлээ. Тэгэхэд сумын төв Налихаас нүүж Долоогийн хойд дэнж дээр буугаад байсан юм.

Морь шээсэн газар сайн байдгийм

-Сумын төв дээр очлоо. Морин тэргээр ус зөөх болов. Нэгдлийн нэг хангал алаг морийг тэргэнд сургах боллоо. Гурван шуудай элс ачсан тэргээ мориндоо хөллөчихөөд чөдрийг нь авахуулав. Би ч нэг гараа морины толгой дээгүүр  давуулж амгайных нь хоёр талаас сайн гэгч нь бариад хөдөлгөлөө.

Хангал юм чинь ухасхийгээд л давхичихсан. Миний хөл хааяа нэг газарт хүрээд л, зүүгдээд явж өгөв. Хэсэг давхиад амьтан л юм чинь зайлуул цуцаж, амнаас нь цагаан хөөс сахраад ирлээ. Тэгснээ сажлаад сүүлдээ бүр зогсоод шээлээ.

Морь шээсэн газар сайн байдаг юм гэнэ лээ гэж дуулсан болохоор бэлгэшээгээд тэнд нь жаахан суув. Тэгээд морио хөтлөөд буцаж иртэл хүмүүс өөдөөс “амьд уу” хэмээн асууж байж билээ. Дараа нь ч тэрэгний  алагтайгаа бараг л ижилссэн дээ.

Би тэр үед 18 настай байв. Тэгээд цэрэгт явах боллоо. Аймаг дээр очоод бүртгүүлэв. Бүртгэж байсан хүн нь их ширүүн.

-Хаанаас ирсэн бэ?

-Баян-Овоогоос.

-Хэний хэн бэ?

-Цэенгийн Цэрэндорж.

Нөгөө хүн баахан цаас эргүүлж байснаа “Чамайг цэрэгт явуулахгүй. Чи чинь нэгдлийн олон тэмээ маллаж байгаад алдчихсан нөхөр байна” гэдэг байгаа.

-Юун тэмээ. Би тэрэгний ганц морьтой гэтэл

-Нэгдэл тэгээд худлаа бичиг явуулдаг болж байна уу гээд загнав. Тэгэхнээ нь нэгдлийн удирдлага намайг цэрэгт явуулахгүйн тулд худлаа бичиг явуулчихсан байдаг байгаа. Яая гэхэв.

10 хоногт 40 мянган тоосго цохисон

-Сум, сумаас ирсэн цэрэгт яваагүй залуусаар тоосго цохиулав. Өдөрт би дөрвөн мянга, арав хоногт 40 мянган тоосго цохив. Нэг өдөр биднийг жагсаагаад “Нэгдэлд ажиллаж байхдаа 700-гаас дээш хөдөлмөр өдөр хийсэн хүмүүс урагшаа нэг алх гэв. Нэг алхаад хажуу тийшээ харвал арваад хүн байна. “За явна аа” гээд биднийг авч давхиад аймгийн захиргаан дээр ирлээ. “Та нарыг аймгийн барилгад авахаар боллоо. Маргаашаас нэг, нэг машин авч яваад сумаасаа гэрээ нүүлгэж ир” гэв.

Ингээд л аймгийн төвийн хүн боллоо. Тэр үед миний бага ангийн багш Бадамгарав аймгийн Соёлын хэлтсийн дарга болчихсон байсан юм. Нэг өдөр багшдаа хэллээ. “Би урлагийн сургуульд явмаар байна” гэж. Удаагүй байтал албан газруудын урлагийн үзлэг болдог юм. Би үйлдвэр холбооны концертод орох боллоо. Аварзэд гэдэг хүнээр молдав бүжиг заалган бүжиглэж, Дондивоор хөгжимдүүлэн дуулав. Бас морин хуураа ч тоглолоо.

Үүний дараахан багш маань дуудаж,  аймгийн Соёлын ордонд жүжигчин болгох болсноо дуулгаж билээ. Ингээд л 1960 оны хоёрдугаар сарын 1-нд шинэ ажилдаа орсноор миний урлагийн зам эхэлсэн дээ…

Цээнзэнгийн ГАЛБАДРАХ

“Би багадаа” төгсөшгүй цуврал номоос