Монголд цахилгаан холбоо үүссэний 153 жил, орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойн хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор “ICT EXPO-2018” үзэсгэлэнг зохион байгууллаа.

Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийнхэн оролцож харилцаа холбоо, технологийн салбарын оны шилдэг шийдэл, техник технологи, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж, шилдгүүдээ шалгаруулжээ.

Улмаар энэ оны шилдэг үйлчилгээ номинацид Мэдээллийн технологийн газраас хэрэгжүүлсэн Smartcar тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем шалгарчээ.

Smartcar.mn нь тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, тээврийн хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөрийг орон зайнаас үл хамааран онлайнаар төлөх боломжтой анхны цахим систем юм.

Цаашид уг системийг улам хөгжүүлж дараах есөн төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх юм байна.

Үүнд:

  1. Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргах үйлчилгээ;
  2. Тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй утсаар холбогдох үйлчилгээ;
  3. Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл хүргэх үйлчилгээ;
  4. Авто засварын үйлчилгээний байгууллагуудын мэдээллийн үйлчилгээ;
  5. ЕC зөвшөөрөл олгох үйлчилгээ;
  6. Жолоодох эрхийн оноо шалгах үйлчилгээ;
  7. Жуулчны тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох үйлчилгээ;
  8. Иргэд замын хөдөлгөөний зөрчлийг фото зураг, байршлын хамт SMARTCAR application-р мэдээллэх;
  9. Төлбөртэй зогсоолын мэдээлэл хүргэх зэргийг нэвтрүүлэх юм  байна.

Дашрамд дурдахад, Хотын даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээний хүнд суртал, шат дамжлагыг арилгаж, хүртээмжтэй болгох үүднээс цахимжуулах арга хэмжээ авна гэж тусгагдсан юм. Үүний хүрээнд нийслэлийн таван байгууллагын 55 үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байгаагийн нэг нь Smartcar.mn систем юм.