УИХ-ын өнөөдрийн /05.07/ чуулган өглөө 10.00 цагт эхэллээ. Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.  Тухайлбал,  Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж Элчин сайдаар Т.Бадралыг, БНСУ-д суух Элчин сайдаар Н.Эрдэнэтуяаг зөвшилцөх асуудлыг гишүүдийн олонхи дэмжлээ.

Гишүүд Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохтой холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Бидний нэг алдаа, дутагдал байна аа. Намар, хаврын чуулган дуусах үед л баахан томилгоо оруулж ирэх юм. Гишүүд дуртай ч гэж жигтэйхэн. Хэдэн албан тушаалтныг чуулган завсарлахаас өмнө оруулж ирдэг. Гарцаагүй чухал хууль хэлэлцэх ёстой байтал баахан томилгоо яриад дуусдаг. Албан тушаалтан томилох болохоор бүгд шавчихдаг. Хужирссан мал шиг. Хууль батлах болохоор алга болчихдог.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Дараагийн Элчин сайд нарыг томилох асуудлын тухайд олон улсын нөхцөл байдал шинэ коронавирусын халдвартай холбоотой амаргүй байна. Б.Ганхуягийг БНСУ-д суух Элчин сайдаас эгүүлэн татаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Нөхцөл байдлаас хамаараад түр хамаарагчаар ажиллаж байгаа Н.Эрдэнэтуяг томилох нь зүйтэй гэж үзсэн. Эдгээр нэр яригдаж буй хүмүүс төрийн жинхэнэ албан хаагчид. Ямар нэг улс төрийн санал санаачилгаар ороогүй гэдгийг дахин хэлье гэв.  Ингээд санал хураахад Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг 47 гишүүний 46 нь дэмжлээ.

Мөн Н.Эрдэнэтуяаг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг чуулганы хуралдаанд оролцож буй 47 гишүүний 46 нь дэмжлээ.  Одоо  Ерөнхийлөгч Х.Баттулга тэднийг итгэмжлэх юм.

 Эх сурвалж:www.udriintoim.mn М.Өнөр