Узбекистаны нийслэл Ташкентын шүүхээс тус улсын Ерөнхийлөгч асан Ислам Каримовын охин Гульнара Каримовад 13 жил дөрвөн сарын хорих ял оноолоо. Түүнийг гэмт хэргийн бүлэглэл үүсгэн байгуулсан, гэмт хэргийн аргаар ашиг олсон хэрэгт буруутган шүүсэн юм. Хорих ялыг 2015 оны наймдугаар сараас эхлэн тооцох ажээ.

2015 онд буюу Ислам Каримовын амьд мэнд байхад охинд нь таван жилийн ял анхлан оноосон юм. 2017 онд шүүх хэргийг дахин хянаж үзээд 10 жилийн оноосон ч дараа нь 5 жил болгон зөөллөж, гэрт нь хорих шийдвэр гаргасан. 2019 оны гуравдугаар сард ялыг дахин хүндрүүлсэн юм.

Энэ оны хоёрдугаар сард хэргийг дахин мөрдөн шалгаж, шүүх болоход 47 настай Гульнара Каримова Швейцарийн банкинд битүүмжлэгдсэн 686 сая ам.доллараасаа бүрэн татгалзаад хариуд нь эрх чөлөө гуйсан.

Гульнара Каримова хэдхэн жилийн өмнө Төв Азийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр нэрлэгдэж, аавынхаа Ерөнхийлөгчийн суудлыг залгаж авах тухай яриа гарч байлаа.

Р.Гэгээ