Бид тоймлоё, Та унш

2020.06.11 Пүрэв                           18°C                2,811   Өвчин ирнэ

Чухлыг тоймлоё 

УИД-т гарсан галын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоохыг үүрэг болгов

Улсын их дэлгүүр (УИД)-т энэ сарын 7-нд гарсан галын шалтгаан, хохирлын хэмжээг ойрын хугацаанд эцсийн байдлаар тогтоож, танилцуулахыг Шадар сайд Ө.Энхтүвшин цагдаа, онцгой байдлын байгууллагын удирдлагуудад өнөөдөр үүрэг болгов. УИД-т гал гарсан тухай дуудлага онцгой байдлын байгууллагад энэ сарын 7-ны 16.48 цагт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн онцгой байдлын найман ангийн 230 алба хаагч ажиллаж, 21.30 цагт бүрэн унтраажээ. Галын тархалтыг дуудлага ирснээс 40 минутын дараа зогсоосноор 6, 7 дугаар давхарт гарсан галыг 1-5 давхарт тархахаас сэргийлжээ. Улмаар дөрвөн цаг гаран ажиллаж галыг бүрэн унтраасан бөгөөд энэ хороонд байгууламжид байсан  долоон хүнийг аварчээ. Энэ үеэр онцгой байдлын хоёр алба хаагч хорт утаанд угаартсан бөгөөд нэн даруй эмнэлэгт хүргэсэн байна. Алба хаагчдын биеийн байдал хэвийн байгааг онцгой байдлын байгууллагын удирдлагууд Шадар сайд Ө.Энхтүвшинд танилцууллаа.

 

Хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулна

УИД-т гарсан түймэртэй холбоотойгоор тэнд байсан хүнсний бүтээгдэхүүнийг өнөөдөр /2020.6.10/ устгалд оруулахаар болжээ. Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Улсын их дэлгүүр хувьцаат компанийн барилгад энэ сарын 7-нд гал гарч, зургадугаар давхар нь бүрэн шатаж, түймрийн утаа бүх давхрыг хамарсан юм. Иймээс мэргэжлийн байгууллагууд тус газарт ажиллаж, галын шалтгааныг тодорхойлж, үүссэн нөхцөлтэй уялдсан арга хэмжээг авахаар ажиллаж байгаа юм. Тухайлбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.3 дахь заалтыг удирдлага болгож, хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, гоо сайхан, ахуйн бараа, эм эмийн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг үнэлж, хүний амь нас, эрүүл мэндэд гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж дуусчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар галын утаанд өртсөн хүнсний бүтээгдэхүүнийг өнөөдөр устгалд оруулах юм байна. Хэр хэмжээний бүтээгдэхүүнийг устгалд оруулж байгаа талаарх мэдээллийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас маргааш нэгдсэн журмаар өгөх юм байна.

 

Энэ талаарх зарим албаны хүний мэдэгдэл

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга хурандаа Р. Отгонжаргал “Долоон давхрын дээвэр дээр засварын үйл ажиллагаа явуулж байсан компаний ажилтан хар цаас халааж байх явцад дээврийн завсраар хөөсөнд гал өгч хөөс шатсанаар галын дэгдэлт ихэссэн гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Гэхдээ эцсийн дүгнэлт албан ёсоор хараахан гараагүй байна. Онцгой байдлын ерөнхий газраас шинжээч томилсон байгаа.Галын голомтын шалтгаан нөхцөл, аюулгүй ажиллагаа, хөдөлмөр аюулгүйн байдал зэргийг тодруулахаар нарийвчилсан шалгалтуудыг одоо мөрдөн шалгах ажиллагаагаар явуулж байна.Таван давхар хүртэлх үзлэг шалгалтыг хийж бүрэн бүтэн эд зүйлсийг холбогдох эзэнд нь хүлээлгэж өгсөн. Нийтдээ зургаа, долоон давхрын 240 түрээслэгчийн  220 цэгт 237 үзлэг шалгалтыг явуулж дуусч байна.” гэжээ.


 

Дахиад нэг чухал мэдээ

Коронавирусын халдвараас сэргийлэх зорилгоор наадмыг үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан билээ.   Тэгвэл өчигдөр МҮБХ-ноос аймаг, сумдын баяр наадмыг долдугаар сарын 11,12-нд нэгэн зэрэг тэмдэглэх тухай мэдэгдэл гаргажээ. Ингэхдээ Улсын наадамд 512, аймгийн наадамд 128, сумын наадамд 64 бөх барилдуулах шийдвэр гаргасан байна.  Энэ жилийн баяр, наадмаар бөхчүүд, засуул, хөлийн цэц нарт коронавирусын шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавина. Халууныг нь хэмжиж, аюулгүйн зайг баримтлахыг сануулах юм байна.  Мөн наадмыг ‪телевиз, цахимаар олон түмэнд хүргэхээр бэлтгэл базааж байгаа билээ.


 

Швед улсын ерөнхий сайдын амийг хөнөөсөн хүний нэрийг ил болгожээ

Швед улсын прокурорууд тус улсын ерөнхий сайд агсан Улоф Палмегийн амийг 1986 онд хөнөөсөн хүний нэрийг зарлаж, олон жил шийдэгдээгүй байсан хэргийг хаалаа. 34 жилийн өмнө ерөнхий сайдын амийг хөнөөсөн хүн нь Стиг Энгстром гэгч байжээ. Гэхдээ энэ хүн өнөөдөр байхгүй, 2000 онд амиа хорлосон аж. Улоф Палме 1986 оны хоёрдугаар сард гэргийн хамт кинотеатраас гэртээ харихаар Стокгольм хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд алхаж явахдаа ар нуруундаа буудуулсан юм. Тэр өмнөх өдөр нь өөрийн хамгаалалтын албыг татан буулгаад байжээ. Ерөнхий сайдыг өндөр нуруутай эрэгтэй буудаад зугтсаныг олон хүн гэрчилсэн ч өнөөдрийг хүртэл алуурчныг олж чадаагүй байв. Хэдэн мянган хүнээс мэдүүлэг авсан ч олж чадалгүй байсаар өдийг хүрчээ. Алагдах үедээ 59 настай байсан Улоф Палме нь Шведийн социал демократ намын дарга, олон улсын асуудлуудад байр сууриа хурцаар илэрхийлдэг улс төрч байв. Улоф Палмегийн гэргий Лизбет Палме нөхрийгөө хэний гарт алагдсаныг мэдэж амжилгүй 2018 онд нас барсан юм.

 


 

  • Тусгаарлах байрны хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч нас барсан хэрэг гарчээ. ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан энэ талаар мэдээлэв.  Тэрээр "Цагдаагийн албан хаагч нас барсан нь үнэн. Хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байхдаа бие муудаж, эмнэлэгт хүргэгдэн нас барсан.  Фитнессээр хичээллэдэг тамирчин хүн байсан. Зүрх нь ачааллаа дийлээгүй гэх урьдчилсан таамаг бий. Гэхдээ шүүх шинжилгээний хариу албан ёсоор гараагүй байгаа. Журмын нөхрөө алдсан уг харамсалтай хэргийн учир шалтгааныг нарийвчлан шалгаж байна" гэлээ.

 

 

 

Таны Сонорт 


"Амьдралын утга учир нь өөрт заяагдсан авьяасаа олох юм. Харин амьдралын зорилго бол mүүнийгээ бусдын төлөө зориулах юм" 

Уильям Шекспир 

 

 

Өдрийн тойм Статистик 


Долларын ханш өчигдрийн байдлаар 2808 байсан бол өнөөдөр 2810 болж өссөн байна.

Өдрийн тойм Сошиал    


 

 

 

 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр