Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.

Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.

Гишүүн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөнө.

Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.

Гишүүн дараахь бүрэн эрхтэй:

-Үйл ажиллагаандаа нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах;

-Байнгын хороонд заавал харьяалагдах;

-Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачлах;

-Санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг өөрийн саналаар татаж авах;

-Нэгдсэн болон өөрийн харьяалагддаг Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох;

-Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх;

-Байнгын, дэд, түр хорооны бүрэлдэхүүнд орох, нэг Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарч өөр Байнгын хорооны бүрэлдэхүүнд орох;

-Улсын Их Хурал, Байнгын, дэд, түр хорооны ажлын хэсэгт хүсэлтээрээ орж ажиллах;

-Хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах;

-Зарчмын зөрүүтэй саналаа нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, санал хураалгах;

-Улсын Их Хурлын шийдвэрээр байгуулагддаг байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, сонгогдох буюу томилогдох албан тушаалтны талаар үг хэлж байр сууриа илэрхийлэх, санал, дүгнэлт гаргах;

-Улсын Их Хурлаас сонгогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах санал гаргах. Ерөнхий сайдыг огцруулах саналыг Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны адил Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь хамтарч гаргана;

- Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга, асуулт тавьж хариуг нь хуульд заасан хугацаанд авах, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл санаачилж хэлэлцүүлэх;

-Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн талаар иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг судлан үзэж, шаардлагатай гэж үзвэл төсөл санаачлах, шаардлагагүй бол энэ тухай хариуг бичгээр өгөх;

-Иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэж хариуг нь шууд өгөх, эсхүл хариуцан шийдвэрлэх эрх, үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлж энэ тухай хариу мэдэгдэх;

- Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаатай танилцах;

-Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах;

-Бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч хүлээгдэлгүй уулзах, шаардлагатай асуудлаар тайлбар авах;

-Онцгой чуулган зарласан бол дуудлага хүлээлгүйгээр нэн даруй хүрэлцэн ирэх;

-Төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг чанд хадгалж задруулахгүй байх бүх арга хэмжээ авах;

-Өвчтэй, чөлөөтэй байх, гадаад, дотоодод томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцох;

-Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг сахиж ажиллах; 7.1.23. хууль, гишүүний ёс зүйг чанд сахих;

-Чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх;

- Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах;

-Хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон журмын дагуу үнэн зөв гаргах.

-Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу нийтийн сонсголыг явуулах хүсэлт гаргах.

- Энэ хуулийн 7.1.15-д заасны дагуу гишүүнээс шилжүүлсэн өргөдөл, гомдол болон хууль тогтоомжийн хэрэгжилт, бусад асуудлаар ирүүлсэн албан бичгийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан нь 30 хоногийн хугацаанд асуудлыг шийдвэрлэж хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй гэж хуульд заажээ.

 

www.udriintoim.mn