Бид тоймлоё, Та унш

2020.04.07 Мягмар                               3°C  2,780 Эд мал арвидна

Чухлыг тоймлоё 

УИХ-ын отгон чуулган нээлтээ хийв

Энэ парламентын бүрэн эрхийн хугацаан дахь хамгийн сүүлчийн чуулган өчигдөр нээлтээ хийлээ.  Хаврын ээлжит чуулган коронавирусын халдварын эрсдэлтэй үед цахимаар нээгдэж  буйгаараа онцлог байлаа. Гишүүд  хоёр метрийн зайтай сууж, 10-аас дээш хүн нэг танхимд суухыг хоригложээ.  Чуулганы нээлтэд  Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, зарим улсын Элчин сайд нар оролцсон юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн,  Монгол Улсын гавьяат жүжигчин  С.Жавхлангийн дуулсан “Төрийн дуулал” эгшиглэсэн нь содон байв.

 

Ерөнхийлөгч сонгуулийн хугацааг хойшлуулахыг дахин уриалав

Хаврын чуулганы нээлтэд  Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн.  Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс эшлэн хүргэвэл “...Хүн төрөлхтөн аюулт халдварт өвчин, цар тахалтай нүүр туллаа. Улсын төсөвтөө яаралтай тодотгол хийж, тэвчиж болох бүх зардлыг танах, ажлын байрыг хадгалах хэрэгтэй. Улс төрийн сонгуулийг хойшлуулах зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэж байна.  Улс төрийн эрх ашгаа дээгүүрт тавих нь эх орноосоо урвасантай адил. Хямралын эсрэг тусгай сан бүрдүүл. Компаниуд ашиг олохгүй байгаа энэ цагт НӨАТ-ыг царцаах хэрэгтэй. Ажлын байраа хадгалахад чиглэсэн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Иргэд, ялангуяа хүүхдийн орчин нөхцлийг тооцож, эмийн хангамжийг нэмэгдүүлэх шийдвэр гарга. Бүхний түрүүнд иргэдээ тавьж ажиллахыг уриалж байна. Эдгээр асуудлыг ҮАБЗ-өөрр хэлэлцэж, эрдэмтдийн баг байгуулах, хямралын үеийн төрийн нэгдмэл удирдлагыг байгуулж ажиллахаас өөр гарц харагдахгүй байна” гэлээ.

 

Энэ талаарх зарим албаны хүний мэдэгдэл!

УИХ-ын дарга Г.Занданшатар “Хаврын ээлжит чуулган хуулийн хугацаандаа дэлхийн болон Монголын парламентын түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй онцгой нөхцөлд эхэлж байна.  Коронавирусын цар тахал дэлхийн 211 улсад тархаж халдварласан хүний тоо 1.2 саяыг давж, 70 шахам мянган хүн энэ өвчнөөр хорвоог орхилоо. Харамсалтай нь энэ тоо өдөр бүр өсөн нэмэгдэж байна.  Монгол Улсын төр, засгаас өвчний  халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр оновчтой, шуурхай шийдвэрийг цаг алдалгүй гарган, хэрэгжүүлж байна.  Ард иргэд маань төрийн шийдвэр, иргэний үүргээ нэн хариуцлагатай, ёсчлон биелүүлж байгаад талархал илэрхийлье” гэлээ.


 

Дахиад нэг чухал шийдвэр

2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөртөө аудитын дүгнэлт хийлгэсэн нам, эсвлүүдийн дийлэнх нь хуулийн шаардлагад нийцээгүй мөрийн хөтөлбөр боловсруулжээ. Тодруулбал, МАН, АН, МАХН, ШИНЭ намын эвсэл зэрэг дөрвөн эвсэл, найман намын нийт 12 мөрийн хөтөлбөрт тав хоногийн дотор зөрчлийг арилгах дүгнэлтийг Үндэсний аудитын газраас хүргүүлсэн байна. Энэ удаагийн сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл оролцохоор мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн бөгөөд тэдний 63 хувь нь хуульд нийцээгүй мөрийн хөтөлбөртэй байжээ.


 

Ирландын ерөнхий сайд долоо хоногийн нэг өдөр эмчээр ажиллана

Ирландын ерөнхий сайд Лео Варадкар долоо хоногийн нэг өдрийг эмчээр ажиллаж өнгөрүүлэх шийдвэр гаргажээ.Өнгөрсөн сард Ирландын эрүүл мэндийн яам салбартаа ажиллахгүй байгаа эмч, мэргэжилтнүүдэд коронавирусийн тахлын эсрэг тэмцэлд нэгдэх уриалга гаргасан юм. Өөр ажил эрхэлж байсан, тэтгэвэртээ гарсан олон мянган эмч мэргэжилтэн засгийн газрынхаа уриалгыг хүлээн авч, ажиллахаар бүртгүүлжээ. Улс төрч болохоосоо өмнө эмчээр ажиллаж байсан Ирландын ерөнхий сайд тэдний нэгэн адил уриалгыг хүлээн авсан байна. 41 настай Варадкар өвчтөнтэй тулж ажиллахгүй, утсаар тусламж, зөвлөгөө өгөх ажилд томилогдож магадгүй байгааг “The Irish Times” сонин мэдээлжээ.


  • Японы сошиал од Пикотаро 2016 онд хит болж байсан PPAP (Pen-Pineapple-Apple-Pen) дуугаа коронавирусийн халдвараас сэргийлэх үйлсэд зориулан “Pray-for-People-and-Peace” болгон өөрчилжээ.Гараа угааж хэвшихийг хүмүүст уриалсан шинэ дууны видео нь Бямба гарагт нийтэд хүрсэн бөгөөд өнөөдөр Японы твиттер сүлжээнд хамгийн өндөр эрэлттэй видео дүрснүүдийн нэг болсон байна. Пикотарогийн 2016 оны бүтээл PPAP нь Billboard Hot 100 жагсаалтад багтсан хамгийн богино дуу (2 минут үргэлжилдэг) болж, Гиннесийн дээд амжилтын номонд бичигдэж байв.

 

Таны Сонорт 


Сингапураас манай улсад 3000 оношлуур ирүүлжээ

Өдрийн тойм Статистик 


Борооны үеэр болон борооны дараа орилох нь энгийн үеийнхээс илүү сайн сонсогддог гэнэ. Учир нь агаарт таны дуу хоолойны чимээг залгих тоос, жижиг биетүүд цөөрдөг байна. Харин манантай үед таны дуу хоолой сонсогдох нь багасдаг ажээ.

Өдрийн тойм Сошиал    


 

 

 

 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр