Бид тоймлоё, Та унш

2019.03.05 Мягмар                                              4°C   2,635.34  Сүлд тэнэж одно

Чухлыг тоймлоё


Эрдэнэтийн 49%-г улсын мөнгөөр хувийн компани авсан

Нууцаас гаргасан материалаас үзэхэд 49%-г худалдаж авсан хөрөнгийн 72.4%-г төрөөс, 27.6%-г ХХБ-аас гаргасан байх магадлалтай байна. Тухайлбал, Монголбанк, Хөгжлийн банк, Аж үйлдвэрийн яамнаас 49%-г авахад зориулж хөрөнгө гарган өгчээ.

Монголбанк хууль зөрчсөн үү?

ЗГХЭГ-ын даргын хэлснээр тийм. Учир нь Монголбанк өрийн бичиг нэрээр 2 удаа нийт ₮200 тэрбум, зузаатгал нэрээр ₮160 тэрбумыг Монголын зэсд өгчээ. Гэвч хуульд зааснаар Монголбанк хувийн ААН-д зээл өгөх ямар ч эрхгүй юм. Мөн Хөгжлийн банкнаас $122.6 сая, Аж үйлдвэрийн яамнаас $90.3 саяын зээл авсан байна. Тэгэхээр Оросын талаас Эрдэнэтийн 49%-г улсын мөнгөөр хувийн компанид авч өгсөн болж таарах нь.

Шүүгч хүртэл нэр холбогдов!

Захиргааны хэргийн шүүхийн шүүгч М.Батсуурийн аавын компани 49%-г авахад дэмжлэг үзүүлж $70 саяыг нийлүүлсэн байна. М.Батсуурь нь 2009-2011 онд ХХБ-ны хуулийн газрын захирлаар ажиллаж байсан юм. Хамгийн сонирхолтой нь ЗГ 3 удаа Монголын зэсд ялагдсан 49%-тай холбоотой шүүх хуралд тэр оролцсон байна.

Цаашид яах вэ?

ЗГ-аас 49%-г хууль бусаар авсан санхүүгийн схемийг нотлох хугацаатай шаардлагыг хуулийн байгууллагад хүргүүлсэн. Нэр бүхий гишүүд өмнө нь уг асуудлаар хууль хяналтынханд 3 удаа хандсан ч тэд бүгдэд нь татгалзаж хариу өгсөн байдаг. Тэгвэл нууц материал нийтэд ил болсон энэ үед хуулийнхан хэрхэн ажиллахыг харж байя.


Манай улс хүйсийн тэгш байдлаараа дэлхийд 68-д
Дэлхийн банк 190 орны эмэгтэйчүүд гадуур чөлөөтэй явах, ажил хийх, цалин авах, гэрлэх, хүүхэд төрүүлэх, бизнес эрхлэх, тэтгэвэр авах зэрэгт суурилан судалгаа явуулсан байна. Судалгаагаар Бельги, Дани, Франц, Латви, Люксенбург, Шведэд жендерийн тэгш эрхтэй байсан бол Саудын Араб хамгийн муу үнэлгээ авчээ. Харин манай улс 68-д бичигдсэн ба 2079 он гэхэд хүйсийн эрх тэгш байдал дэлхий дахинд бий болох гэнэ.


Хорт хавдраар 4400 хүн нас баржээ

Өнгөрсөн онд 6000 гаруй хорт хавдрын тохиолдол оношлогдож, 4400 гаруй хүн хорвоог орхижээ. Энэ нь хавдрын өвчлөлийг хожуу илрүүлсэнтэй холбоотой бөгөөд элэг, ходоод, уушгины хорт хавдар хамгийн их байгаа юм. Манай улс 2030 он гэхэд 10 мянган хүнд ногдох хорт хавдрын нас баралтыг 10.5% хүртэл бууруулахаар зорьж, Халдварт бус өвчинтэй тэмцэх, Элэг бүтэн Монгол зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.


Цөөрсөөр буй цоохор ирвэс

Иргэн О гэгч 2/28-нд нэн ховордсон цоохор ирвэсийн арьс, гавлын ясыг тээвэрлэж явсныг цагдаа нар илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэлээ. Цоохор ирвэс нь нэн ховордсон амьтан бөгөөд манай улсад дэлхийн нийт ирвэсийн 20% буюу 800-1000 тоо толгой байгаа юм. Гэвч манай хуульд зааснаар нэн ховор амьтан хууль бусаар агнавал торгох эсвэл 2-8 жилийн ялаар шийтгэдэг байна.


Хуан Гуайдо иргэдээсээ тусламж хүслээ

Тэрээр өөрийг нь Венесуэлд очих үед цугларч жагсаал хийхийг иргэдээсээ хүслээ. Учир нь 1 сард шүүхээс түүнд хилийн хориг тавьсан ч Колумбд айлчилж Америк, Бразилын албаныхантай уулзан Венесуэлд туслахыг хүссэн юм. Тиймээс Гуайдо Венесуэлд ирсэн даруйдаа баривчлагдах магадлалтай байгаа ба Венесуэлийн ЗГ түүний аюулгүй байдалд халдвал хариу барина гэдгээ Америк, НҮБ, ЕХ мэдэгджээ.

Таны сонорт


Өнөөдөр зүүн аймгийн зарим газраар бага зэргийн цас орно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр