НҮБ-н хүний эрх, ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Лео Хеллер Засгийн газрын урилгаар манай улсад ажиллаа.

Тэрээр энэ оны дөрөвдүгээр сарын 9-20 хооронд Улаанбаатар хот болон Өмнөговь, Дундговь аймгуудад ажилласан ба ундны ус, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний хүртээмж тэгш бус байгааг дүгнэлтээр илрүүлжээ. Мөн ундны цэвэр усаар хангагдах, стандартад нийцсэн жорлонтой байх нь хүний эрх гэдгийг Монголчууд ойлгож ухамсарлаагүй байна гэдгийг дүгнэлтдээ онцгойлон дурджээ.

Тусгай илтгэгч Лео Хеллерийн дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сайн байна уу,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрх, ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан Тусгай илтгэгчийн хувьд Монгол Улсын Засгийн газрын урилгаар 2018 оны 4-р сарын 9-20 өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан айлчлалынхаа төгсгөлд өнөөдөр би та бүхэнд хандаж байна.

Юуны өмнө, МУ-ын Засгийн газарт намайг урьж, айлчлалыг зохион байгуулсанд талархал илэрхийлье. Айлчлалын үеэр миний бие төв болон орон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, олон улсын байгууллагууд, олон улсын хөгжлийн санхүүжүүлэгч байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл болон жирийн иргэдтэй уулзлаа. Цаг заваа зарцуулан надтай ярилцаж, гэртээ урин залсан хүмүүст онцгойлон талархал илэрхийлж байна. Мөн энэхүү айлчлалыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн НҮБ-ын Суурин зохицуулагчийн ажлын албанд баярлаж байгаагаа илэрхийлье. Олон нийтийн сүлжээнд гарч байсан айлчлалын явцын мэдээг сонирхон уншиж байсан жирийн Монголчуудад баярлалаа.

Монгол Улсад ажиллах хугацаандаа хийсэн үнэлгээнийхээ урьдчилсан дүгнэлтээс өнөөдөр та бүхэнд танилцуулж байна. Үнэлгээний тайлангийн эцсийн бөгөөд дэлгэрэнгүй хувилбарыг энэ оны 9 дүгээр сард болох НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 39 дүгээр чуулганд танилцуулах болно. Энэ удаагийн айлчлалын үеэр миний анхаарлаа хандуулсан гол асуудлууд бол хүний хэрэглээнд зориулсан ундны усыг иргэдэд хүргэх үйлчилгээний хүртээмж, мөн жорлон ба халуун усанд орох, хувийн ариун цэврийг сахих газар зэрэг ариун цэврийн байгууламжуудын хүртээмжийн асуудал байлаа.

Эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн асуудал олон жилийн турш Засгийн газрын шийдвэрлэвэл зохих асуудал байсаар байгаа билээ. Ундны ус, ариун цэврийн байгууламжийн салбарт зарим үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлсэн хэдий ч Монгол Улс нь Мянганы Хөгжлийн Зорилго 7-ийн “2015 он гэхэд баталгаат ундны усны хангамжгүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын тоог хоёр дахин бууруулна” гэсэн зорилтод хүрч чадаагүй билээ. Тогтвортой Хөгжлийн үзэл баримтлал батлагдсанаас хойш анх удаа хийгдсэн хяналтын ажил болох Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), НҮБ-ын Хүүхдийн Сангаас (НҮБХС) хамтран хэрэгжүүлсэн Хяналтын Хөтөлбөрийн тайланд дурдсанаар, 2015 онд Монгол Улсын нийт хүн амын 84 хувь нь ундны усны суурь үйлчилгээг хүртдэг бол 59 хувь нь энгийн ариун цэврийн байгууламжтай гэжээ. Энгийнээр хэлбэл, Монголчуудын дийлэнх хэсэг нь ундны усаа худгаас авдаг ба нийт хүн амын тал шахуу хувь нь нүхэн жорлонд бие засдаг гэсэн үг юм. Харин эдгээр тоо баримт нь Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын 6.1 ба 6.2-т “аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан үйлчилгээ”-тэй холбоотой үзүүлэлтээс харьцангуй доогуур байна. 2015 оны байдлаар, нийт хүн амын зөвхөн дөрөвний нэг хэсэг нь гэртээ цоргоноос ус авдаг бол дөнгөж 13 хувь нь л бохир усны нэгдсэн сүлжээнд холбогдсон байна гэсэн үг юм. Эдгээр тоо баримт нь ундны ус, ариун цэврийн байгууламжийн асуудалд МУ-ын Засгийн газраас тэргүүлэх зэргийн ач холбогдол өгч анхааран ажиллах шаардлагатай байгааг илтгэж байна.

Хоёр долоо хоног үргэлжилсэн айлчлалынхаа хугацаанд би хотод болон хөдөө орон нутагт амьдардаг, ялангуяа нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг Монголчуудын ундны усны хангамж, ариун цэврийн байгууламжийн нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцахадундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж янз бүрийн түвшинд харилцан адилгүй байгаа нь харагдлаа. Хүний эрхийн байр сууринаас авч үзэхэд ийм төрлийн үйлчилгээг авах явдалд тэгш бус байдал ажиглагдаж байгаа нь сэтгэл зовниулсан асуудал яах аргагүй мөн юм. Баталгаатай ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах хүний эрхийн норматив агуулга болох хүртээмж, хангамж, боломжит үнэ, чанар/аюулгүй байдал, хүлээн зөвшөөрөгдөх зэрэг өнцгөөс Монгол Улсад байгаа тэгш бус байдлыг авч үзэх болно.

1. Ундны ус, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний хүртээмж тэгш бус байна

A. Хот, хөдөөгийн ялгаа

Монгол Улс нь нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийн 17 дахь том орон хэдий ч хүн ам нь хамгийн сийрэг суурьшсан орнуудын нэг билээ. Гурван сая хүний бараг хагас нь нийслэл Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт хотуудад төвлөрөн амьдарч, хүн амын үлдсэн хэсэг нь хөдөө орон нутагт тархан суурьшдаг.

Хотууд хурдацтай хөгжиж, хөдөөгөөс хот руу иргэд олноор шилжин суурьшиж байгаагийн улмаас ундны усны болон ариун цэврийн байгууламжийн хүртээмж хотод болон хөдөөд ялгаатай байна. ДЭМБ/НҮБХС- аас гаргасан Хяналтын Хөтөлбөрийн тайланд, 2015 оны байдлаар Монголын хотуудад оршин сууж буй иргэд бараг бүгд (94 хувь нь) ундны усаар хангагдаж байсан бол хөдөөгийн хүн амын зөвхөн тал нь (56 хувь) ийм түвшний үйлчилгээг авч байжээ. Ариун цэврийн байгууламжийн хувьд ч хот, хөдөөгийн ялгаа их буюу хотын хүн амын 66 хувь нь энгийн ариун цэврийн байгууламжтай байсан бол хөдөөд зөвхөн 41 хувь нь жорлонтой байжээ.

Улаанбаатарт байхдаа, мөн Дундговь, Өмнөговь аймгуудаар явахдаа энэхүү илт ялгааг би өөрийн нүдээр харсан. Засгийн газраас өгсөн мэдээгээр, нийт 334 сумын дөнгөж 20 сумын төв хэсэгт нь ус хангамжийн төвлөрсөн шугам сүлжээ байна. Бусад сумдын оршин суугчид нь улсын төсвийн хөрөнгөөр, хувийн хэвшлийн ААН-ийн санхүүжилтээр, эсвэл хувь хүний хөрөнгөөр баригдсан нийтийн болон хувийн худгаас ундны усаа авдаг байна. Улсын хэмжээнд нийт 34 сумдын оршин суугчдын ундны усны чанар нь Монгол Улсын стандартад нийцэхгүй байгаа нь туйлын ихээр санааг минь зовниулж байна. Иймд, холбогдох төрийн захиргааны төв байгууллагууд, орон нутгийн удирдлагуудтай хамтран эдгээр сумдыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усны эх үүсвэртэй болгох тал дээр яаралтай арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Хөдөөгийн иргэдийн ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулах зорилгоор Барилга, Хот Байгуулалтын Яамнаас Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжил” төслийг хэрэгжүүлсэн байна. Даланзадгад сумын нэгэн айлд орж үзэхэд тэднийх цэвэр, бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон, гэртээ цоргоноос ус авчихдаг тул ая тухтай, сайхан амьдарч байв. Харин тэднийхээс холгүй нэгэн байшинд тэтгэврийн мөнгөөрөө амьжиргаагаа залгуулдаг хоёр хөгшин амьдардаг ба тэднийх төвийн шугам сүлжээнд холбогдохын тулд нэг удаа төлөх 800,000 төгрөгийн (ойролцоогоор 340 ам. доллар) хураамжийг төлөх боломжгүй учраас усаа худгаас зөөдөг гэж байлаа.

Суманд төвлөрсөн шугам сүлжээ байдаг ч нэмэлтээр жорлон, усанд орох байр, ус халаах бойлер барихад шаардагдах санхүүгийн хөрөнгийг өрхүүд өөрсдөө гаргах ёстой учир айл болгонд тийм боломж нь алга байна. Орон байраа цэвэр, бохир усны шугамд холбож, боловсон жорлонтой болохын тулд байшингаа Page 3 өөрчлөн барихад бүр ч их зардал шаардагдах нь дамжиггүй. Иймд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамнаас тусгай хөтөлбөр боловсруулж, эдийн засгийн боломжгүй, эмзэг бүлгийн өрхүүдэд цэвэр бохир усны төвийн шугам сүлжээнд холбогдоход нь дэмжлэг үзүүлэх, ингэхдээ хөдөө орон нутгийн өрхүүдэд онцгой анхааран ажиллахыг санал болгож байна. Үүний зэрэгцээ төв засгийн газраас орон нутгийн захиргаадад татаас олгох замаар өрхүүдийг төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлыг зохион байгуулахыг уриалж байна.

Ундны ус, ариун цэврийн байгууламжийн хувьд хот-хөдөөгийн ялгааг арилгахын төлөө хүчин чармайлт гарган ажиллах, ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах үйлчилгээг сайжруулахад шаардагдах санхүүгийн болон техникийн дэмжлэг дутмаг байдаг хөдөөгийн оршин суугчдад онцгой анхаарал хандуулан, нэн тэргүүн ач холбогдол өгч асуудлыг шийдвэрлэхийг МУ-ын Засгийн газраас шаардаж байна.

B. Орон сууцны болон гэр хорооллын ялгаа

Ундны ус, ариун цэврийн байгууламжийн хангамжийн хувьд хотын оршин суугчдын дунд ялгаа байгаа нь Монгол орны цаг агаарын байдалтай холбоотой юм. Орон сууцанд амьдардаг айл, гэр хорооллын айлаас ялгаатай гол зүйл нь тухайн өрхийн орон байр нь төвлөрсөн цэвэр бохир усны сүлжээнд холбогдсон, холбогдоогүйгээс хамаардаг. Монгол гэр бол мал аж ахуй эрхэлдэг Монголчуудын нүүдлийн амьдралын хэв маягийг илэрхийлсэн эсгийгээр бүрсэн дугуй хэлбэрийн өвөрмөц зөөврийн сууц юм. Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэггүй, гол төлөв хөдөөгөөс шилжин суурьшсан айл өрхүүд ихэвчлэн орон сууц худалдаж авах эдийн засгийн боломжгүй байдаг тул хотын захын хорооллуудад гэрээ барин оршин суудаг юм.

Ерөнхийдөө Монголын өвөл их хүйтэн ба удаан, зарим жилүүдэд 6 сар ч үргэлжлэх нь бий. Хүйтний улирлын оргил үед агаарын хэм цельсийн -35, -40 хүрдэг. Өнгөрсөн Пүрэв гаригт цас орохыг харснаар өвлийн төгсгөлийг би өөрийн биеэр мэдэрсэн билээ. Өвлийн улиралд гэр хорооллын оршин суугчдад ундны ус, ариун цэврийн байгууламжийн асуудал нэлээн хүндрэлтэй болдог. Орон сууцанд амьдардаг өрхүүд голдуу төвийн халаалтын системд холбогдсон байдаг тул хүйтэн өвлийг ажрахгүй давдаг. Шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг шалгаж, шаардлагатай тохиолдолд засвар үйлчилгээ хийх замаар төмөр хоолой хөлдөхөөс хамгаалж, өвлийн бэлтгэлийг хангадаг. Харин гэр хорооллын айлуудын хувьд ундны усаа 500 метрийн зайнд байрлах худгаас зөөдөг, бие засахын тулд гэрээсээ гарч халаалтгүй нүхэнжорлонд ордог тул хүйтнээс дайжих боломжгүй юм.

Улаанбаатарчуудын тал гаруй хэсэг нь хотын захын хорооллуудад гэрт амьдардаг тул орон сууцны хороолол, гэр хорооллын ялгаа илт харагдаж байлаа. Жишээлбэл, нийслэлийн Налайх дүүргийн хүн амын 20 хувь нь орон сууцанд оршин суудаг бол 80 хувь нь цэвэр, бохир усны төвлөрсөн системд холбогдоогүй гэр хорооллуудад амьдарч байна. Улаанбаатарын гэр хороолол урьдчилсан төлөвлөлтгүйгээр хүрээгээ улам бүр тэлж байгаа нь ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн асуудлыг улам бүр хурцдуулж байна. Хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөний улмаас нийслэлийн хүн амын тоо эрчимтэй өссөөр, харин ундны ус, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээг хүргэхэд шаардлагатай дэд бүтцийг барих ажлын хурд энэ өсөлтийг гүйцэхгүй байна.

Зөвхөн хотод төдийгүй, хөдөө орон нутагт ч тэгш бус байдал ажиглагдаж байв. Миний очсон Дундговь, Өмнөговь аймгийн сумын төвийн орон сууцны хороолол, гэр хорооллын ялгаа нь Улаанбаатарын орон сууцны болон гэр хорооллын ялгааг санагдуулж байлаа. Жишээлбэл, Даланзадгадын орон сууцны байруудад амьдардаг бүх айл (4,000 орчим хүн) төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон байхад 16,000 орчим гэр хорооллын оршин суугчдын зөвхөн 30 хувь нь л ийм холболт бүхий байшинд суудаг байна. Гэр хороололд амьдардаг хүмүүсийн хувьд төвлөрсөн дэд бүтцэд холбогдоогүйн улмаас амьдралын чанар өөр байна.

Улаанбаатар хотын оршин суугчдын бараг 45 хувь нь ус түгээх төвлөрсөн системд холбогдсон байдаг бол гэр хорооллын оршин суугчид нь ундны болон хэрэглээний усаа худгаас зөөдөг. Улсын өмчийн худгуудын Page 4 зарим нь усаа төвийн шугамаас авдаг бол заримд нь усыг машинаар зөөж авчирдаг, харин гүний худгуудын ихэнх нь хувийн эзэмшилд байдаг байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын Ус Сувгийн Удирдах Газрын (УСУГ) харьяаны нийт 600 худаг гэр хорооллуудад үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн хүн амын бараг 60 хувь буюу 200,000 гаруй өрх гэр хорооллуудад оршин суудаг байхад дунджаар 300 өрх тутамд нэг худаг ногдож байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.

Гэр хорооллын хэд хэдэн худаг дээр би очиж үзлээ. Ихэнх худаг долоо хоногийн 2 өдөрт нь амардаг, мөн шөнийн цагаар хаалттай байдаг нь ундны усны хүртээмжийг хязгаарлаж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд хэд хэдэн газар “ухаалаг” буюу автоматаар ус олгодог худгийг байгуулсан байв. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын гэр хорооллуудад 100 орчим ухаалаг худаг ажиллаж байгаа бол хөдөө орон нутагт ч, жишээ нь Даланзадгадад, туршилтын журмаар хэд хэдэн ухаалаг худгийг ашиглалтад оруулсан байна. Нийслэлийн Налайх дүүрэгт ухаалаг худагтай болох нь гэр хорооллын оршин суугчдыг ундны усаар тасралтгүй хангах гол шийдэл гэж үздэг юм байна.

Ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж янз бүр байгаа учраас хэрэглэж буй усны хэмжээ ч гэр хороолол, орон сууцны хороололд харилцан адилгүй байна. Орон сууцны нэг өрх өдөрт дунджаар 200 литр ус хэрэглэдэг бол гэрт амьдардаг өрхийн нэг гишүүн өдөрт 7-15 литр ус хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг. Худгаас 50-60 орчим литр ус авч байсан нэгэн эртэй би ярилцсан юм. Тэднийд 3 том хүн, 7 хүүхэд амьдардаг гэв. Энэ хүний авсан ус нь тухайн гэр бүлийн гишүүдийн хувцас угаах, усанд ороход хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Тэгэхлээр, гэр хорооллын нэг хүний хэрэглэж буй усны хэмжээ олон улсын стандартаас доогуур байна. Надад тайлбарласнаар, гэрт амьдардаг айлууд аль болох бага ус авдаг, учир нь худгаас ус зөөх нь хүндрэлтэйгээс гадна хүйтний улиралд хөрс хөлдчихдөг тул бохир усыг асгах боломж хязгаарлагдмал болдог гэнэ.

Үйлчилгээний түвшин ялгаатай байгаа учраас усны төлбөр ч өөр өөр байна. Нийслэлийн гэр хорооллуудад ердөө 600 нийтийн худаг ажилладаг тул оршин суугчид ундны усаа ихэвчлэн хувийн худгаас авч, литр тутамд 2 төгрөг төлж байна. Харин нийтийн худгийн усны үнэ литр тутамд 1 төгрөг байдаг юм. Усыг худгаас зөөдөг тул гэр хорооллын иргэд хувийн халуун усны газарт очиж усанд ордог байна. Жишээлбэл, Дундговь аймгийн иргэд халуун усанд орохдоо 1,500 төгрөг буюу 0.60 ам. доллар орчим төлдөг бол нийслэлийн Баянзүрх дүүргийн Гачуурт хороололд халуун усанд ороход 2,500 төгрөг буюу 1 ам. доллар орчим төлдөг гэнэ. Миний ажигласнаар, хөдөөд ч, хотод ч халуун усны газрууд цэвэрхэн байсан, харин ал алинд нь үйлчлүүлж буй хүмүүс харагдсангүй.

Монголд нэг өрхийн сарын орлого дунджаар 220 ам. доллар орчим байдагтул өнөр өтгөн айлуудын хувьд халуун усанд орох нь нэлээд өндөр зардалтай байдаг. Халуун усны газрын төлбөр өндөр учраас усанд орох давтамж цөөрнө. Эдийн засгийн хувьд өндөр зардалтайгаас гадна гэр хорооллын оршин суугчид худгаас усаа зөөх, хувийн халуун усны газарт очих усанд орох зэрэгт багагүй цаг заваа зарцуулж, мөнгөн бус зардал гаргаж байдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Миний ажигласнаар, гэр хорооллын айлуудын жорлон нь гэрээсээ тусдаа, гэхдээ хашаан дотроо байсан ба ихэвчлэн аюулгүй байдлын шаардлага хангаагүй байв. Хүйтний улиралд айлууд амьдардаг гэрээ халаахын хажуугаар бие засдаг жорлонгоо дулаан байлгах асуудалтай тулгардаг гэнэ. Нүхэн жорлон нь дүүрсэн тохиолдолд шинээр жорлон барихын тулд ажилчдыг хөлсөлж нүх ухуулах зэрэгт багагүй зардал шаардагддаг байна.

Ийм нөхцөл байдалд ундны ус, ариун цэврийн байгууламжийн тэгш бус хүртээмжийн асуудлыг шийдвэрлэхэд ямар арга зам хамгийн оновчтой вэ гэдэг хүндхэн асуулт засгийн газрын өмнө тулгарч байна. Юуны өмнө, гэр хорооллын оршин суугчдын ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр төрөөс багагүй хүчин чармайлт гарган ажиллаж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Гэсэн хэдий ч, төр захиргааны байгууллагууд болон бусад оролцогч талуудын төлөөлөлтэй уулзаж байх явцад гэр хороололд ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулахын тулд ус Page 5 дамжуулах хоолой татах, шинээр худаг барих, ухаалаг худгийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэж тэд ярьж байв. Ер нь тэд гэр хороололд худгаас ус зөөх, нүхэн жорлонд бие засах явдал бол хэвийн үзэгдэл мэт хүлээн авч байлаа. Мэдээж хэрэг, ундны ус болон ариун цэврийн байгууламжаар хангагдах хүний эрхийн хэрэгжилтийн нөхцөлийг бага багаар л сайжруулна. Энэ нь хүний эрхийн хэрэгжилтийг тогтмол ахиулан сайжруулах зарчимд нийцнэ. Гэхдээ одоо хэрэгжүүлж буй ажил, боловсруулж буй төлөвлөгөөндөө ч нөхцөл байдлыг дээрдүүлэх зүйл хийж болно гэдгийг би онцлон тэмдэглэмээр байна. Даланзадгадад төвлөрсөн шугам сүлжээг гэр хороолол руу татсан туршлага үүний нэгэн жишээ юм. Хотод ч, хөдөөгийн суманд ч, гэр хороололд амьдардаг иргэд нь орон сууцны оршин суугчдын нэгэн адил ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах боломж байна.

Орон сууцны хороолол, гэр хорооллын ялгааг арилгахын тулд богино болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулж гэр хорооллыг иргэдийн ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг аажмаар сайжруулахыг Засгийн газарт онцгойлон анхааруулж байна.

C. Нүүдлийн аж ахуй эрхэлдэг хүн ам

Ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн тэгш бус, эмзэг байдал малчин иргэдийн хувьд ч байна. Монголчуудын ихээхэн хэсэг нь мал маллаж нүүдэлчин ахуйгаар бэлчээр сэлгэн амьдардаг. Тэд ундны усаа гар худгаас, зарим тохиолдолд гадаргын уснаас авч хэрэглэдэг. Улаанбаатараас Өмнөговь руу явж байх замд нэгэн малчин өрхийн ундаалдаг худгийг би харсан. Тэр худаг нэлээн гүехэн, малын ялгадас хөрсний бохирдолд өртөж болзошгүй харагдсан. Энэ худгаас тэр айл өөрсдөө ч ундаалж, малаа ч усалдаг учраас худгаас гарах багахан усаа хэмнэх шаардлагатай байдгийг би ойлгосон.

Малчид мөн гадаргын цэвэр усны эх үүсвэрүүдээс ундаалдаг. Монгол орны хойд бүс нутагт хувиараа алт олборлогч иргэд ихэвчлэн зохион байгуулалтгүй, эмх замбараагүй олборлолт явуулж, гадаргын усыг химийн бодисоор бохирдуулж, улмаар энэ нь нүүдлийн аж ахуй эрхэлдэг хүн амын ундны усны чанарт муугаар нөлөөлж байна. Учир нь усанд агуулагдаж болзошгүй хүнцлийн хор нь өнгөгүй, үнэргүй тул ийнхүү бохирдсон усыг нүүдэлчин хүн ам ундандаа хэрэглэсээр байж болох юм.

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамны чиг үүрэгт бэлчээрийн усны асуудал, малчдыг ундны усаар хангах асуудал багтдаг. Сүүлийн арав гаруй жилийн турш зарим арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч малчдад ус хомс хэвээр байсаар байна. Нийт 9 мянга гаруй худаг байдаг – үүний 70 орчим хувь нь гүехэн гар худаг – гэсэн хэдий ч энэ нь малчдын усны хэрэгцээг хангаж чадахгүй байна. Мөн эдгээр худгийн дийлэнх нь гүехэн гар худаг тул усны чанар учир дутагдалтай байх асуудал байсаар байна. Иймд Монгол Улс тодорхой арга хэмжээ авч, малчин өрхүүдийн аж төрөх ёсны онцлогт тааруулан ундны усны хүртээмжийг сайжруулах, малчин биш бусад иргэдийн түвшинтэй ижил болгох шаардлагатай байна. Малчдыг ундны болон малаа услах усаар бүрэн хангаад өгчихвөл хөдөөгөөс хот суурин газар руу чиглэсэн шилжих хөдөлгөөн буурахад хувь нэмэр оруулах болов уу гэж бодож байна.

D. Хүүхдүүд, охид ба боловсролын байгууллагын ариун цэврийн байгууламжийн асуудал

МУ-ын Засгийн газраас 2015 онд “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах норм, шаардлага” боловсруулан гаргасан байдаг. Өнөөдөр энэхүү стандартын хэрэгжүүлэх шаардлагатай нийт сургуулиудын талаас илүү хувь нь гадаа жорлонтой байна. Миний харсан сургуулийн гаднах жорлонгийн ариун цэвэр, эрүүл ахуйн байдал тулын хангалтгүй, аюултай байсан. Харин нийслэлийн Налайх дүүргийн болон Гачуурт хорооны сургуулийн шинээр баригдсан жорлонгууд их цэвэрхэн байлаа. МУ-ын Засгийн газар энэ ялгааг арилгаж, сургуульд суралцдаг бүх хүүхдүүдийн ариун цэврийн байгууламжийн хүртээмж, нөхцөлийг ижил болгох шаардлагатай байна.

Нүүдэлчин Монголчуудын амьдралын хэв маягтай салшгүй холбоотой нэгэн онцлог бол дотуур байртай сургуулиуд юм. Малчин өрх нь жилдээ хэд хэдэн удаа бууриа сэлгэж, нүүдлийн аж ахуй эрхэлдэг учраас тэдний хүүхдүүд сурч боловсрол эзэмшихийн тулд 9 сар үргэлжлэх хичээлийн жилийн турш дотуур байранд сууж, хичээлдээ явдаг юм. Хөдөө ажиллах хугацаандаа би хэд хэдэн сургуулийн дотуур байраар Page 6 орж үзлээ. Тэдгээрийн заримд нь хүүхдүүд ая тухтай орчинд, байран дотроо бие засаж, нүүр гараа угаах боломж бүрдсэн байв. Харин зарим дотуур байрны хүүхдүүд бие засахын тулд гадаа гарч, аюултай, халаалтгүй, усгүй нүхэн жорлонд орохоос өөр сонголтгүй байв. Хөдөөгийн хүүхдүүдийн хувьд дотуур байр нь тэдний гол сууц болдог учраас дотуур байрны ус, ариун цэврийн байгууламжийн хангамжийн асуудлыг холбогдох байгууллагууд анхааралдаа авч шийдвэрлэхийг зөвлөж байна.

Ялангуяа охид сарын тэмдэг ирсэн үедээ сургууль дээр нь шаардлага хангасан ариун цэврийн өрөө байхгүйгээс ихээхэн хүндрэлтэй байдаг. Засгийн газраас 2015 онд хийсэн стандартын биелэлтийн шалгалтын тайланд дурдагдсанаар, сарын тэмдэг ирсэн үедээ охид гадаа жорлонд орохыг хүсдэггүй учраас хичээлээ таслах нь элбэг тохиолддог байна. Боловсон жорлонгийн асуудлаас гадна усны хангамж, халуун усанд орох боломж зэрэг охидын эрүүл ахуй, ариун цэврийн асуудалд учир дутагдалтай зүйлс байсаар байна. Сургуулийн бүх дотуур байрыг халуун устай болгох, сарын тэмдэг нь ирдэг насны охидод ариун цэврийн хэрэглэл олгох зэрэг асуудалд ач холбогдол өгөхгүй байна. Охидод зориулсан сарын тэмдгийн эрүүл ахуйн хөтөлбөр боловсруулж ерөнхий боловсролын сургуулиуд болон дотуур байруудад хэрэгжүүлдэг болохыг БСШУСЯ-д зөвлөж байна.

E. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд

Тэгш бус байдлын өөр нэгэн илрэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмадуудтай холбоотой илэрч байгааг би анзаарсан. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны мэдээллээр 93,000 өрхийн нэгд нь дор хаяж нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Эдгээр өрхийн 52 хувь нь орон сууцанд амьдардаг бол үлдсэн нь гэр хороололд амьдарч байна. Төвийн шугам сүлжээнд холбогдоогүй орчинд амьдрах нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнуудад улам их хүндрэл бэрхшээл учруулдаг.

Монголд ажиллах хоёр долоо хоногийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүн ба хөдөлгөөний бэрхшээлтэй ахмадуудад тусгайлан барьсан ариун цэврийн байгууламж (жорлон)-г зөвхөн Дундговь аймгийн Хулд сумын эмнэлэгт л харлаа. Хүлд сут нийт 2400 хүнтэй бөгөөд энэхүү жорлонг хөгжлийн бэрхшээлтэй 50 хүнд л зориулан барьсан тусгай тоноглосон жорлон байв: эдгээр хүмүүсийн 6 нь тэргэнцэр хэрэглэх шаардлагатай. Гэвч эрүүл мэндийн төвийн төлөөлөгчийн хүлээн зөвшөөрч байгаагаар, уг жорлон ч шаардлага хангахгүй байгаа. Үүнээс гадна чанар муутай гэр хорооллын замаар явж худгаас 20 литрийн саванд усаа авч, нааш цааш зөөх нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд амаргүй даваа юм.

Одоогийн байдлаар ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн хүртээмжээс болж тэгш бус байдал олон янзаар илэрч байна. Гэвч Монгол Улсад хүний эрх ба ундны усны аюулгүй байдал, эрүүл ахуйн байгууламжийн хүртээмжийг холбож ойлгох юм бол нөхцөл байдал эрс өөрчлөгдөнө. Монгол Улс хүний эрхийн олон улсын хэд хэдэн гэрээ, хэлэлцээрт, тэр дундаа Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай Пактад нэгдэн орсон байдаг. Энэхүү Пактын дагуу амьдралын зохистой стандартыг мөрдөх, ялангуяа баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах тухай эрх үүргийг тусгасан байдаг. Монгол Улс нь дээрх гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн хүний эрхийг хангах үүргээ биелүүлэхэд саад болж буй зарим зохицуулалтын болон хэрэгжилтийн түвшний бэрхшээлүүдийн талаар би ажигласан зүйлсээ Та бүхэнтэй хуваалцъя.

2. Хэрэгжилтийн түвшинд тулгарах бэрхшээлүүд

A. Ундны ус, ариун цэврийн байгууламжийн асуудал нь хүний эрхийн асуудал гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй

Олон улсын түвшинд ундны ус, ариун цэврийн байгууламжийн асуудлыг хүний эрхийн асуудал хэмээн бүрэн хүлээн зөвшөөрдөг. Харин Монгол Улсын хувьд төрийн түшээ нараас эхлээд иргэний нийгэм, олон нийт зэрэг дийлэнх хүмүүс хүний эрх ба ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн Page 7 асуудал өөр хоорондоо нь холбоотой гэдгийг тодорхой ойлгохгүй, үүний утга учрыг олохгүй байгаа юм болов уу гэж надад санагдлаа. Усны хэрэглээ, ариун цэвэр орчинд амьдрах нь хүний эрх гэдгийг ойлгохгүй байгаа учраас Монгол Улсын Засгийн газрын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг бүрэн хангаж чадахгүй байна.

Юуны өмнө хууль эрх зүй, бодлогын баримт бичигт хүний эрх ба ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн тухай тусгаагүй байдаг нь ийнхүү иргэд нь мэдлэггүй байгаагийн нэг шалтгаан болдог. Монгол Улсын Үндсэн хуульд ус хэрэглэх, ариун цэвэр орчноор хангагдах хүний эрхийг тусгайлан заагаагүй байдаг ба зөвхөн 16 дугаар зүйлд “эрүүл, аюулгүй орчинд амьдрах” эрхийг тунхагласан байдаг. Тийм учраас шүүх байгууллагууд, шийдвэр гаргагчдын зүгээс тусгай тайлбар хийх шаардлага үүсдэг тул зөрчилтэй нөхцөл байдал үүсч болзошгүй юм. Улмаар баталгаатай ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах хүний эрхийн норматив агуулгын бүхэлд нь бус, зөвхөн заримыг л бодитоор хэрэгжүүлэх боломж байна.

Ус, ариун цэврийн тухай хууль, эрх зүйн орчин нь энэ утгаараа бүрэн бус гэж үзэж байна. 2011 онд батлагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль нь ус ханган нийлүүлэгч болон эцсийн хэрэглэгч хооронд байгуулах гэрээг зохицуулах хууль, эрх зүйн суурь болж байгаа юм. Энэхүү хууль нь ус хангамжийн хүрэлцээт байдал, хамрах хүрээтэй холбоотой асуудлыг зохицуулдаг хэдий ч ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламж ба хүний эрхийн хүрээг, тэр дундаа үнэ өртгийн хүртээмжтэй байдал, төлбөр төлж чадахгүй тохиолдолд ус хангамжийг таслахыг хориглох зэрэг асуудлууд энэ хуульд тусгагдаагүй байна. Нийгмийн хамгааллын хяналтгүйгээр хувийн хэвшлээс түгээдэг үйлчилгээг зохицуулдаг хуульд юуны өмнө хүний эрхийг хангах өнцгөөс хандах нь чухал юм. Өмнө нь дурдсанчлан Монголд ус хангамжийн үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн компаниуд ус түгээлтээс харьцангуй өндөр төлбөр авдаг бөгөөд төрийн байгууллагын зүгээс тэдгээрийн үйл ажиллагаанд тавьж байгаа хяналт тун сул, бараг үгүй гэж хэлэхэд болохоор байна.

Монгол Улсын Засгийн газар нь баталгаатай ундны ус хэрэглэх, ариун цэвэр орчноор хангагдах тухай хүний эрхийг Үндсэн хуулинд тусгахын сацуу бусад хууль, тогтоомж, журамд хүний эрхийг хамгаалах үүднээс хандаж байх нь зүйтэй. Улмаар Үндсэн хуулийн цэц нь ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламж ба хүний эрхийг зөрчсөнтэй холбоотой хэргүүдийг Захиргааны шүүхэд хаяглахаас өмнө шийдвэрлэх боломжтой болох юм. Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах хүний эрхийг хууль эрхзүйн хүрээнд хүлээн завшөөрч, бодлого хөтөлбөрүүдэд тусгах шаардлагатай байна.

B. Засгийн газрын зүгээс хангалттай зохицуулалт байдаггүй

Ус хэрэглэх, ариун цэвэр орчноор хангагдах хүний эрхийг хэрэгжүүлэхэд саад болж буй өөр нэг зүйл нь Монгол Улсын ус, ариун цэврийн салбарын институцийн зохион байгуулалт бүтэц дутмаг байгаа явдал юм. Ус бүхий л салбарт хамаатай байдаг тул Засгийн газрын хэд хэдэн байгууллагууд ус, ариун цэврийн үйлчилгээтэй холбоотой чиг үүрэг, хариуцлага хүлээсэн хэдий ч тодорхой уялдаа холбоогүй байна. Мөн хүний эрхийн тодорхой орчин бүрдээгүй байхад төр, засгийн байгууллагуудын уялдаа нь ус, ариун цэврийн асуудлыг хүний эрхийн суурь агуулга, зарчмуудтай зохицуулж чадахгүй байна. 2010 онд батлагдсан Усны Үндэсний хөтөлбөрт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны Үндэсний хороог үндсэн зохицуулагч байгууллага гэж заасан. Гэвч усны хэрэглээ, ариун цэвэр орчноор хангагдах хүний эрх нь эдгээр байгууллагын чиг үүргээс хальсан асуудал юм.

Миний ойлгосноор, Усны хэрэг эрхлэх газрыг 2012 онд татан буулгаснаар Монгол Улсын иргэдэд ундны ус, ариун цэвэртэй холбоотой үйлчилгээ үзүүлэх асуудлыг хэд хэдэн яамдад хувааж хариуцуулсан байна. Үүний үр дүнд устай холбоотой хүний эрхийн асуудлыг Засгийн газар хэрхэн зохицуулах талаар ойлгомжгүй, тодорхойгүй байдал үүсжээ.

  • Ундны ус хангамжийн асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам усны нөөцийг тодорхойлох үүрэгтэй. Гэвч усны нөөцийг тодорхойлсноор ундны усны хүртээмж, усны дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийн асуудлыг хангалттай шийдвэрлэдэггүй. Иймд Барилга, хот байгуулалтын яам дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хариуцаж, орон нутгийн түвшинд Ус сувгийн удирдах газар (УСУГ) нийтийн худаг барих асуудлыг хариуцаж байна.
  • Усны хүртээмжийн хувьд тухайн дүүрэг, орон нутгийн удирдлага дор УСУГ, Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газар, хувийн хэвшилтэй хамтран өрхүүдэд үйлчилгээ үзүүлдэг бол бэлчээрийн газарт, ялангуяа малчин айл өрхүүдийн ус хангамжийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хүргэх ажлыг хянадаг. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг усаар хангах асуудлыг хариуцдаг байна.
  • Усны чанарын хувьд ус хангамжтай холбоотой усны чанар, эрүүл ахуйн танадалтыг Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран гүйцэтгэх үүрэгтэй; Байгаль орчин, аялал жуулчлал яам нь гадаргын болон гүний усны чанарыг хариуцдаг. Орон нутгийн түвшинд, аймаг дүүргийн захиргааны бүтцэд багтдаг УСУГ нь иргэдэд түгээж байгаа ундны усныхаа чанарыг хянах чиг үүрэгтэй байдаг.
  • Үнэ өртгийн хувьд тухайн аймаг дүүрэг, орон нутгийн удирдлага доорх УСУГ-ын саналыг үндэслэн “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл” усны тарифыг тогтоодог; сургууль, эмнэлгийн усны байгууламжийн засвар, үйлчилгээний төсвийг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам болон Эрүүл Мэндийн яам баталж өгдөг; Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нийгмийн халамж шаардлагатай байгаа иргэдийг тодорхойлдог.

Яам тус бүр ус, ариун цэврийн бодлоготой холбоотой тодорхой үүрэг, хариуцлагатай хэдий ч төрийн нэгдсэн бодлого ч байхгүй, Засгийн газарт энэ асуудлын уялдааг хангаж, үр ашигтай хөгжүүлэх бүтэц ч байхгүй. Ундны ус, ариун цэврийн асуудал нь одоогийн байдлаар ус хангамжийн менежментийн асуудалд шингэн замхарсан мэт харагдаж байна. Тодорхой институцийн зохион байгуулалт, төвлөрсөн стратеги байхгүй тул орон нутгийн иргэдэд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй орон нутгийн засаг захиргааны нэгжүүдэд хүндрэл учруулж байна. Ус, ариун цэврийн асуудлаарх үүрэг, хариуцлагыг төр, засгийн байгууллагууд, институцуудын дунд тархай бутархай байдлаар зохион байгуулснаар хувь хүмүүс хүний эрхээ хамгаалуулах асуудлаар Монгол Улсын Засгийн газраас хариуцлага шаардах боломжгүй болоод байгаа юм.

Монгол Улсад одоо хэрэгжиж байгаа эсвэл ирээдүйд хэрэгжих Засгийн газрын бүтцийн шинэчлэлийн хүрээнд ус, ариун цэврийн асуудлын уялдааг хангах чиг үүргийг аль нэг төрийн захиргааны төв байгууллагад хуваарилах, харин яам тус бүрд энэ асуудлыг хариуцсан ажилтантай байх нь зүйтэй гэж би зөвлөмөөр байна. Ингэж уялдаатай ажиллахдаа хүний эрхийн асуудлыг мөн холбож, үүрэг хүлээсэн байгууллагууд хариуцлага хүлээдэг байхад нь анхаарах шаардлагатай. Дээрх үйлчилгээний хүртээмжийн нэмэгдүүлэхийн тулд Монгол Улсын төв Засгийн газраас бүтээлч хүчин чармайлт гаргаж, хүний эрхийг бүрэн дүүрэн хангах шаардлагатай.

3. Ундны ус, ариун цэврийн байгууламж ба хүний эрх

Хүний эрх ба ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийг цогц байдлаар хэрэгжүүлснээр Монгол Улс бүх иргэддээ ус хангамж, ариун цэвэр орчныг бий болгох үйлчилгээг ижил тэгш хэмжээнд хүргэж, баян ядуугийн ялгаа, тэгш бус байдлыг арилгахад тус болж, чиглүүлнэ гэдгийг би зориуд тэмдэглэмээр байна. Би зөвлөмж, саналаа тодорхой хэдэн салбарт хүний эрхийг бэхжүүлэх байдлаар илэрхийлье. Бусад салбаруудыг тусгасан илүү дэлгэрэнгүй дүн шинжилгээг би ирэх 9 дүгээр сард Хүний эрхийн зөвлөлд илгээх илтгэлдээ тусгах болно.

A. Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал 2030

Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улс үндэснийхээ Тогтвортой хөгжлийн зорилтууд (Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 “ТХҮБ” гэх)-ыг баталж, ТХҮБ-ын хэрэгжилт, хяналтыг ТХЗ-тай уялдуулахаар зорьж байгаа гэж Үндэсний Хөгжлийн Газраас мэдээлж байгаа. ТХҮБ-д орсон ус, Page 9 ариун цэврийн байгууламжтай холбоотой зорилгуудад Монгол Улсын ТХЗ-уудын дагуу хүлээсэн үүрэг, хариуцлагыг бүрэн тусгаагдаагүй байна гэж би үзэж байна. ТХҮБ-д ус, ариун цэврийн асуудлыг ТХЗ-уудын 6 дахь зорилгын хэсэг болгож оруулсан байдаг ч богино- дунд- болон урт хугацааны зорилго (“зорилт”)- ууд нь хэлбэрийн хувьд ч, агуулгын хувьд ч ТХЗ-оос ангид байна. Энэ хандлага хэвээр байвал 6.1 ба 6.2 дахь зорилтуудын онцлог чанар алдагдаж, салбарын яамдын оролцоог хангахгүй бол энэ хоёр зорилтын хүний эрх, нийгэм-эдийн засгийн чухал үзэл санаа алдагдах юм. ТХЗ-ын гол агуулга нь “Нэг ч хүнийг орхихгүйн төлөө” байдгийг сануулах нь зүйтэй юм. Түүнчлэн ТХЗ-ын ус, ариун цэврийн байгууламжийг хүртээмжтэй болгох тухай 6.1 ба 6.2 дахь зорилтууд нь эрүүл, аюлгүй үйлчилгээг дэлхий даяар хүртээмжтэй түгээхэд оршиж байгаа болохоос биш Мянганы хөгжлийн зорилт (МХЗ)-ын үед хэрэглэгдэж байсан “сайжруулсан үйлчилгээ” гэсэн нэр томъёоноос огт өөр юм.

ТХҮБ-ын ус, ариун цэврийн байгууламжтай холбоотой зорилтуудыг ТХЗ-той уялдуулах, хүний эрхийн өнцгөөс харж хэрэгжүүлэхийг Засгийн газарт зөвлөж байна.

B. Усны тариф болон санхүүгийн тогтвортой байдал

Монгол Улсын Засгийн газар усны тариф тооцоолох шинэ аргачлалыг саяхан нэвтрүүлсэн билээ. Засгийн газрын зүгээс усны аюулгүй байдал, ариун цэвэр орчноор хангагдах хүний эрхийг хамгаалах чиглэлээр хүлээсэн үүрэгтэйгээ нийцүүлэн хэд хэдэн туршилтын төсөл хэрэгжүүлж болох тухай саналаа хэлье.

Нэгдүгээрт, Хүний эрхийн талаас нь, ус болон ариун цэврийн үйлчилгээний санхүүгийн тогтвортой байдлыг хангахдаа тухайн үйлчилгээг эмзэг бүлгийн хүмүүст хүртээмжтэй (хямд) хүргэх асуудалтай уялдуулан шийдвэрлэх шаардлагатай. Хоёрдугаарт, хүртээмжтэй гэдэг нь зөвхөн хэрэглээний төлбөрийг бага хэмжээнд барих асуудал биш бөгөөд бусад зардлууд, тэр дундаа гэр хорооллын оршин суугчдын хувьд ус, ариун цэврийн үйлчилгээ авахад үүсдэг санхүүгийн дарамтыг бууруулах, мөнгөн бус зардлуудыг тооцох шаардлагатай. Гуравдугаарт, ханган нийлүүлэгчдийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд дан ганц тариф тогтоох замаар зардлаа нөхөх бус төрөл бүрийн татвар, шугам сүлжээ, дамжуулалтын шимтгэл зэргийг бодолцох хэрэгтэй. Мөн ихэнх улс орнуудад ус, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээг хамгийн бага хүртдэг, эсвэл огт хүртдэггүй хүмүүс хамгийн өндөр төлбөр төлж байдаг учраас энэхүү үйлчилгээг хямд болгохын тулд бүх хүнд хүрэхүйц үйлчилгээг хөгжүүлэх нь зүйтэй юм. Эцэст нь, ядуу оршин суугчдад хүртээмжтэй тариф тогтоохын тулд арилжааны хэрэглэгчид (аж үйлдвэр, худалдаа, үйлчилгээний байгууллагууд)-ийн хэрэглээний тарифыг нэмэгдүүлж, оршин суугч хоорондын тэтгэмжийн (татаасын) үйлчилгээг хөгжүүлж болох юм. Улсын хэмжээнд усны тарифын шинэчлэл хэрэгжүүлэх тохиолдолд дээрх зарчмыг удирдлага болгохыг зөвлөж байна.

C. Усны чанар

Би айлчлалынхаа үеэр ундны усны чанарын тухай санаа зовнисон хэд хэдэн хүнтэй уулзсан. Эдгээрт уул уурхайн (тэр дундаа бичил уурхайн) үйл ажиллагаа, усны хатуужил, гадаргын усыг хэтрүүлэн ашиглаж, микробиологийн болон химийн бодисоор усыг бохирдуулж байгаа, хувийн хэвшил ус хангамжийн үйлчилгээ үзүүлж байгаа зэргийг дурьдаж болно. Дээрх асуудлыг би эцсийн тайландаа дэлгэрэнгүй байдлаар тусгана.

Урьдчилсан тайландаа би усны чанарын хяналтын асуудалд анхаарлаа хандуулмаар байна. Хүний хэрэглээний усны хувьд МХЕГ Эрүүл мэндийн яамтай хамтран Усны аюулгүй байдлын төлөвлөгөөний дагуу усны чанарын шалгалт явуулж байна. Усны хяналтын дээжийн тоо миний анхаарлыг ихэд татлаа: МХЕГ нь жилд 1,000 дээж цуглуулж хяналт шинжилгээ хийдэг байна. Жилд үүнээс илүү тооны дээж авч байж л ундны усны аюулгүй байдлыг цогц байдлаар хянах боломж бүрдэх ба ингэснээр усны чанарын хяналтын олон улсын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд ч тустай болохыг зориуд тодотгон хэлмээр байна. Усны чанарын стандарт хангагдаагүй тохиолдолд нөхцөл байдлыг шуурхай засаж, залруулах үр дүнтэй хэрэгсэл дутмаг байдгийг мөн дурдах хэрэгтэй. Түгшүүртэй мэдээлэл гарах тохиолдолд зөрчлийг арилгуулахаар Шадар сайдад мэдээлэл хүргэж, улмаар үүссэн хүнд нөхцөл байдлыг залруулах урт удаан хугацааны үйл явц эхэлдэг гэж МХЕГ-ын төлөөлөгч надад ярьсан юм.

Усны чанар шалгах газрын хувьд, ус хангамжийг хүргэдэг усны машин болон иргэдийн дунд түгээмэл хэрэглэгддэг ус агуулах сав нь усны чанарт үзүүлэх нөлөөний талаар санаа зовниулсан хэд хэдэн асуудал байв. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар МХЕГ-аар дамжуулан нийтийн ус хангамжийн байгууламжуудыг хянахын сацуу хэрэглээний түвшинд усны чанарыг хянах системийг хөгжүүлэхийг зөвлөж байна.

Ундны усны чанарыг хянах явцад хамгийн орчин үеийн стандартыг хэрэглэх нь нэн чухал юм. Одоогийн хэрэглэж буй 2005 онд нэвтрүүлсэн стандартыг ДЭМБ-аас ундны усны чанарын талаар гаргасан зөвлөмжид нийцүүлэн нэн даруй шинэчлэх шаардлага байна. Энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлэх үйл явцыг яаравчлан хийж, олон улсын шилдэг стандарт, шинжлэх ухааны ололтыг тусгасан стандартыг нэвтрүүлэхийг би МХЕГ-т зөвлөж байна.

Усны хэрэглээтэй холбоотой хүний эрхийн салшгүй нэгэн хэсэг нь мэдээлэл авах эрх, тэр дундаа усны чанарын тухай мэдээлэл авах эрх юм. Усны чанарын тухай мэдээллийг иргэдэд ойлгомжтой, тодорхой хэлбэрээр системчлэн хүргэж байхыг би Монгол Улсын Засгийн газарт зөвлөж байна.

D. Ус хангамжийг таслах үйл явц

Ус хангамжийн үйлчилгээг таслах үйл явцыг тодорхой болгож журамлах шаардлага байгааг онцлон тэмдэглэж байна. Ус хангамж, үйлчилгээний төлбөрөө төлж чадаагүйгээс болж тухайн үйлчилгээг таслах нь хүний эрхийг зөрчиж байгаа гэдгийг зориуд тэмдэглэж байна.

Монгол Улсад усны хангамжийг таслах явдлыг хуулиар хориогүй байдаг. Ус хангамжийн үйлчилгээг тасалсантай холбоотой маргааныг хувь хүн болон УСУГ-тай гэрээлэгч хувийн хэвшил хоорондын маргаан гэж үздэг тул иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэдэг. УСУГ-аас ундны усыг хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээг хувийн хэвшил хэрэгжүүлдэг гэсэн үндэслэл хэлдэг. Гэвч хүний эрхийг дээдлэх, хамгаалах, хэрэгжүүлэх үүргийг Засгийн газар, төрийн байгууллагаар дамжуулан Төр хариуцдаг гэсэн түгээмэл ойлголтыг сануулах нь зөв. Иймд ус хангамжийн үйлчилгээг төр гуравдагч этгээдэд шилжүүлсэн хэдий ч хариуцлагыг бол төр хүлээх ёстой хэвээр байдаг бөгөөд ус хангамжийг таслах асуудал нь хүний эрхийн асуудалд тооцогдох учиртай.

Ус хангамж, ариун цэвэр орчноор хангагдах хүний эрхийг Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй тул Үндсэн хуулийн дагуу ус хангамжийг таслахтай холбоотой маргааныг Үндсэн хуулийн цэц таслах эрхгүй. Энэ нь Монгол Улсын иргэд ус хангамж, ариун цэвэр орчноор хангагдаж чадахгүй байгаа тохиолдолд Монголын шүүхэд хүний эрхээ зөрчүүлсэн асуудлаар хандаж, эрхээ сэргээлгэх боломжгүй байгааг харуулж байна.

Энэхүү дүгнэлтэнд тусгагдсанчлан, бүх иргэддээ баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжийг хүртээмжтэй байдлаар, үйлчилгээний зохих түвшинд аливаа ялгаварлан гадуурхалгүйгээр хүргэх зорилт, алсын харааг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлсээр байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.

Ус хангамж, ариун цэврийн байгууламжийг харилцан адилгүй байдлаар хүргэх нь хүний эрхийн асуудал гэдгийг дахин дурдаад, Монгол Улс ундны ус, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээг бүх иргэддээ хүргэх хүчин чармайлтаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэхдээ хүний эрхийг дээдлэх хэрэгтэйг сануулж байна. Монгол Улсын Засгийн газрын энэхүү үйл хэрэгт нь миний бие дэмжлэг үзүүлж, айлчлалынхаа үеэр хийсэн дүгнэлт, зөвлөмжид тулгуурлан бүтээлч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлье.