УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  НҮБ-ын ХХАА-н байгууллагын “Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг” соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

НҮБ-ын ХХАА-н байгууллагаас тус гэрээг  2001 онд баталсан бөгөөд дэлхийн 144 орон нэгдээд байгаа юм. Энэхүү гэрээ нь ургамлын генетик нөөцийг хадгалах, судалгаа хийх, шинэ сорт бүтээх зорилготой бөгөөд ХАА-н тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэжээ.

Уг гэрээг баталснаар “Дэлхий дахины ургамлын гаралтай хүнсний 84 хувийг хангаж байгаа таримал ургамлын 64 төрлийн генетик нөөцийг Монгол улс өөрийн цаг уур, орчин нөхцөлдөө ургуулж, хүн амынхаа эрүүл хүнсний хангамж, тариалангийн нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ” гэж ХХААХҮ-ийн  дэд сайд Ж.Сауле хэлсэн юм.

Зураг: Zaluu.com

Түүнчлэн ургамлын генетик нөөцийг хадгалж, ашиглалтыг сайжруулахад шаардлагатай технологийн дэмжлэг авах, боловсон хүчнээ чадавхижуулахад олон улсын  донор байгууллагуудын дэмжлэг авах өргөн боломж нээгдэнэ гэж Засгийн газраас үзэж байгаа аж.

Гэхдээ цөөн хүн амтай манай улсын тухайд гадны орны хүнсний ургамлын генетик нөөцийг ашиглах, хилээр оруулж гаргахыг нээлттэй болгох нь зохистой эсэхийг сайн нягтлах хэрэгтэй. Үүнтэй уялдуулаад олон улсын чанарын шаардлага хангасан лабораторитой болоход салбарын яам онцгой анхаарах нь чухал гэдгийг гишүүд сануулж байсан.

Ийнхүү Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлахыг дэмжиж, чуулганаар хэлэлцэж батлуулахаар боллоо.