Бид тоймлоё, Та унш

2019.04.03 Лхагва                                           17°C   2,631.43  Хэрүүл тэмцэл ирнэ

Чухлыг тоймлоё


Сэлэнгэ мөрөн Байгаль нуурыг бохирдуулсан гэв

Дэлхийн хамгийн цэвэр гэгддэг Байгаль нуурт манай улсын хамгийн том Сэлэнгэ мөрөн цутгадаг ба усных нь 50%-г дангаараа бүрдүүлдэг. Тэгвэл Сэлэнгэ мөрнөөс Байгаль нуур руу 2010 оноос хойш 15 мянган тн хортой хог хаягдал урсаж орсон гэж Оросын шинжлэх ухааны академи мэдээллээ.

Сэлэнгэ мөрөнд хортой хог хаядаг гэж үү?

Тийм. Гэхдээ манай улс биш. Харин Улаан-Үд хот өдөрт 56 сая литр бохир усыг Сэлэнгэ мөрөнд нийлүүлдэг байна. Байгаль нуур нь 3000 гаруй төрлийн ховор амьтан, ургамалтай бөгөөд 1950-аад онд ЗХУ Ангар мөрөнд усан цахилгаан станц барьснаас болж эдгээр амьтад цөөрчээ.

Манай улс усан цахилгаан станц барих юу болсон?

Оросын эсэргүүцэл, Дэлхийн банкны судлаачдын хүсэлтийн дагуу түр зогсоод байна. Учир нь Эгийн гол нь Сэлэнгэ мөрөнд цутгадаг учир Байгаль нуурын экосистемд өөрчлөлт орж, усны түвшин багасна гэж үзжээ. Уг нь Эгийн голын усан цахилгаан станц баригдвал манай улс Оросоос эрчим хүч худалдан авахаа больж дотооддоо үйлдвэрлэх юм.


Чадварлаг багшийг ₮100 саяар шагнана

БСШУСЯ, Боловсрол ТВ-тэй хамтран ₮100 саяын шагнал бүхий заах ур чадварын уралдаант шоу нэвтрүүлгийг хийхээр боллоо. Энэ нь багшийн үнэлэмж, туршлагыг нэмэгдүүлэх зорилготой ба 1-5-р ангийн багш нар оролцох боломжтой. Эхний шатыг орон даяар явуулах бол сүүлийн шат 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан шилдгүүдийн дунд явагдана. Ингээд заах арга, шинэ технологи, шинэлэг санаагаараа тэргүүлсэн багш шагналыг хүртэх юм.


Дэл, сүүл боловсруулах үйлдвэртэй боллоо

Адууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноос зэргийг нэмүү өртөг шингээн боловсруулах үйлдвэр нээгдлээ. Уг үйлдвэр нь өдөрт 200 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэн Хятадад экспортолж байгаа ба өдөрт 500 кг дэл, сүүл зэргийг боловсруулах чадалтай юм. Одоогоор 60 гаруй иргэнийг ажилтай болгосон бөгөөд цаашид гоо сайхны багс, сормуус, парик зэрэг 8-10 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Европын руу гаргахаар төлөвлөжээ. Монгол адууны дэл сүүл, сарлагийн саваг нь ОУ-д чанараараа дээгүүрт ордог төдийгүй дэлхийн зах зээлийн 40%-г эзэлдэг байна.


Индонезийн Комодо лууны арлыг хаана

Тус улсын ЗГ Комодо арлыг 2020/1 сараас жилийн хугацаатай хааж, сар бүр ирэх жуулчдын тоог 5000-р хязгаарлахаар шийдвэрлэлээ. Учир нь тус арлаас 41 Комодо лууг хулгайлж тус бүрийг нь $35 мянгаар зарсан хэрэг 3 сард гарсан юм. Мөн аялагчид тамхиа унтраалгүй хаяснаас болж 10 га газар шатжээ. Өнгөрсөн жил тус аралд 120 гаруй мянган жуулчин ирсэн ба дэлхийд 6000 гаруй Комодо луу байдгийн 1700 гаруй нь Комодо арал дээр амьдарч байна.


Сингапурын цахилгаан үйлдвэрлэдэг сургууль

Өнгөрсөн 1 сард ашиглалтад орсон тус улсын үндэсний их сургуулийн барилга дээвэр дээрээ жилд 500 мегаватт эрчим хүч боловсруулах чадалтай 1200 нарны зайтай гэнэ. Энэ нь сургуулийг цахилгаанаар хангах ба илүүдэл эрчим хүчээ сургуулийн цахилгааны төв сүлжээнд нийлүүлж нөөцлөх гэнэ. Тус сургууль нь дизайны студи, задгай талбай, судалгааны төв, кафе, номын сан зэрэг танхимтайгаас гадна таазны сэнс нь 100% агаарын солилцоо явагдах боломжтой байна.

Таны сонорт


Related image Урсгал засвартай холбоотойгоор өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр