Сар шинийн баяр хаяанд ирж, бууз банш, бэлэг сэлт гээд бэлтгэх зүйл олон. Магадгүй зарим нь буузаа хийгээд эхэлсэн биз. Харин буузаа гадаа хөлдөөнө гэдэг утаатай Улаанбаатарчуудад хүндхэн асуудал. Учир нь, гамшгийн хэмжээнд хүрсэн утаа, үүний тортог дунд буузаа хөлдөөнө гэдэг эрсдэлтэй юм. Энэ тухай тодруулахаар ШУТИС-ын доктор (Ph.D) Б.Майзултай ярилцлаа.

Удахгүй цагаан сар болох гэж байна. Утаатай хотынхон буузаа гадаа хөлдөөх нь зөв үү?

Ерөнхийдөө хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах аргуудын нэг нь хөлдөөх. Гэтэл одоогийн орчинд буузаа гадаа хөлдөөхөөр агаарт байгаа бохирдол буузан дээр тунаад үлдэх магадлалтай. Тухайлбал, диоксин гэж нэгдэл байдаг. Энэ нь машины яндангийн утаа, дутуу шаталтын нэгдлүүдээс үүсдэг. Дэгдэмхий нэгдэл учраас агаарт байж байдаг. Энэ нь буузаа хөлдөөх үед буузан дээр унаж болно. Хүмүүс нүдэнд харагдах тортог байхгүй юм чинь гадаа хөлдөөж болно гэж боддог. Ийм хүнсийг идсэний дараа химийн нэгдлүүд бидний биед хуримтлагдсаар хэдэн жилийн дараа магадгүй ходоодны шарх, цаашлаад хавдар үүсгэж, гений түвшинд нөлөөлөхийг үгүйсгэхгүй.

Тэгэхээр буузаа яаж, хаана хөлдөөх нь зөв юм бэ?

Бид нар нэгэнт хоол бэлтгэж байгаа юм чинь хоол маань цэвэр аюулгүй байх шаардлагыг хангах ёстой. Агаарын бохирдол аюулын түвшинд хүрлээ гэж анхааруулж байгаа нь биднийг өөрсдийгөө хамгаалаа л гэсэн сэрэмжлүүлэг шүү дээ.Тэгэхээр задгай агаарт хөлдөөхгүй байх нь зөв.

Хөлдөөгч байхгүй хүмүүс тагтан дээрээ, эсвэл гадаа хадгалдаг. Ингэхдээ аль болох агаартай шүргэлцүүлэхгүйгээр, битүү уутанд хадгалах ёстой. Хүмүүс урь идээгүй, гурил нь хатаагүй байгаа юм чинь болж байна гээд мэдрэхүйн үнэлэмжээрээ үнэлээд хэрэглэчихдэг. Гэтэл цаана нь аюул хуримтлагдаж байхыг үгүйсгэхгүй.

Гялгар уут, даавуун уут, гурилын шуудай зэргийг иргэд ихэнхдээ хэрэглэдэг. Тэгвэл яг юунд хийж хадгалах нь эрүүл мэндэд тустай вэ?

Ерөнхийдөө хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах сав баглаа боодлын материалыг хэд хэд ангилж үздэг. Үүнд, байгалийн гаралтай буюу мод, шил, даавуу, цаас. Нийлэгжүүлсэн буюу бидний мэддэг гялгар уут. Хэрвээ гялгар уутанд хадгалах болбол яг хүнсний зориулалттайг нь сонгож авч хэрэглэх шаардлагатай. Хүнсний зориулалттай гэдгийг яаж мэдэх вэ гэхээр аль болох өнгөгүй, үнэргүй байх тусмаа л анхны нийлэг материал гэсэн үг. Мөн даавуун уут байж болно. Гэхдээ даавуу нь өөрөө агаар нэвтрүүлдэг. Тэгэхээр хэчнээн амыг нь битүүлсэн ч гэсэн нарийн ширхэгтэй тоосонцрыг шингээх магадлалтай.

Өргөн хэрэглээнд байдаг цагаан, шар, цэнхэр зэрэг өнгө өнгийн торонд хүнсний бүтээгдэхүүнээ хадгалах нь буруу гэсэн үг үү?

Зарим тохиолдолд цэнхэр шар уутнуудад буузаа шууд хийчихдэг. Ерөнхийдөө нийлэгжүүлсэн материал өнгө орсон л байвал дахин боловсруулагдсан гэсэн үг. Тэгэхээр ийм торонд хүнсний бүтээгдэхүүн савлаж, боож болохгүй. Учир нь цэнхэр, шар уутнууд үнэртэй байдаг. Үнэр байна гэдэг нь дэгдэмхий нэгдэл агуулж байна гэсэн үг. Ийм уутанд мах хадгаллаа гэж бодоход мах нь өөртөө дэгдэмхий нэгдлийг шингээчихдэг.

Иргэд буузаа жигнэхдээ уут хэрэглэдэг шүү дээ. Энэ нь тэгвэл хүний биед яаж нөлөөлдөг вэ?

Жигнүүр дээр тавьдаг уут бол нийлэг материал. Нийлэг материалыг дулааны аргаар боловсруулж гаргадаг. Үүнийг дахиад 100 градуст жигнэчихээр дотор нь агуулагдаж байгаа химийн нэгдэл дэгдээд буузанд шингэх магадлалтай. Хамгийн гол нь сав баглаа боодол дээрх хэдээс хэдэн градуст яаж хэрэглэх зааврыг дагах хэрэгтэй. Цаас бол харьцангуй гайгүй. Гэхдээ ер нь уламжлалт аргаа хэрэглэвэл яадаг юм. Бид нар жигнүүрээ тослоод л буузаа жигнэдэг байсан ш дээ.

Та түрүүн хэлэхдээ задгай агаарт буузаа хөлдөөхгүй байх хэрэгтэй гэсэн. Тэгвэл

ууц, өвчүүгээ хаана хадгалах вэ?

Ууц өвчүү багтах хөлдөөгч бидэнд байхгүй учраас байгалийн хүйтэнг л ашигладаг. Тэгэхээр яах аргагүй гадаа хөлдөөж таарна. Хамгийн гол нь зориулалтын хүнсний уутаар маш сайн баглаж агаараас хамгаалах хэрэгтэй.

Тэгвэл баярын өдрүүдэд ууц болон өвчүүг яаж муудгахгүй байх вэ? Олон дахин хөлдөөж гэсгээх нь муу гэдэг?

Яг шинжлэх ухааны үүднээс гэвэл “болохгүй” л гэж хэлэх гээд байна л даа. Жишээ нь хөлдөөсөн махыг гэсгээж, дахин хэрэглэх бол махны гүнийг 70-80 градус болтол халааж хэрэглэх ёстой. Тэгэхээр ууцны тухайд их хэцүү байгаа биз. Баярын өдрүүдэд ууц болон өвчүүг гэрт хонуулж болохгүй.

Цаг гаргасан танд баярлалаа. Сайхан шинэлээрэй.

Баярлалаа, сайхан шинэлээрэй.

М.Хишигдэлгэр