Бид тоймлоё, Та унш


2018.11.07 Лхагва                                        0°C   2,565.90  Эрлэг лугаа учирна


Өнөөдөр болох үйл явдал

  • ХАА-н ажилтны өдөр
  • ЗГ хуралдана

Чухлыг тоймлоё


Эх, хүүхдийг утаанаас хамгаална

Хүүхэд, жирэмсэн эхчүүдийг утаанаас хамгаалах хамтарсан хөтөлбөрийг 2021 он хүртэл хэрэгжүүлэхээр боллоо. Энэ нь утаанаас сэргийлэхээр нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн анхны ажил бөгөөд ЗГ өнгөрсөн 8 жилийн хугацаанд ₮557 тэрбумаар яндангаас гарах утааг л багасгах ажлууд хийжээ.

Хөтөлбөрийн тухайд:

Хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийн үйлчилгээг чанаржуулж, дотоод орчны агаарыг сайжруулна. Учир нь хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд ихэнх хугацааг дотоод орчинд өнгөрүүлдэг гэнэ. Хөтөлбөрийг $10.4 саяар хэрэгжүүлэх ба үүний $4.8 саяыг Швейцарын хөгжлийн агентлаг гаргах юм.

УБ-ын хүүхдүүд IQ багатай

Бага насны хүүхдийн дунд хийгдсэн судалгаагаар эхийн хэвлийд байхдаа агаарын бохирдолд өртсөн хүүхдийн 5 настай үеийн IQ оноо 4-р буурдаг нь тогтоогджээ. Мөн жирэмсэн эх утаатай агаараар амьсгалах үед нарийн ширхэгт тоосонцор ихсийг нэвтрэн ургийн тархины хөгжилд нөлөөлдөг гэнэ.

Ингэснээр хүүхдийн сурлагын чадварт нөлөөлж, сэтгэл гутрал, сэтгэл түгших зэрэг сэтгэцийн зан үйлд өөрчлөлт орж, нас ахих үед Альцхаймер өвчнөөр өвдөх магадлал ихэсдэг гэдгийг НҮБ-ын хүүхдийн сангаас анхааруулав.


ЖДҮ-н асуудал Б.Батзоригоор намжих уу?

Чуулганаар ЖДҮ-ийн асуудалд холбогдсон Б.Батзоригийг сайдын сэнтийгээс буулгах шийдвэр гаргалаа. Тэрээр ард түмэн, салбарынхнаасаа уучлалт гуйсан бол АН-хан ЖДҮ-г хөгжүүлэх зээлийн асуудал Б.Батзоригийг золигт гаргаснаар дуусах учиргүй гэлээ. Ямартай ч тэрээр У.Хүрэлсүхийн ЗГ-аас огцорч буй 2 дахь сайд боллоо. Дараагийн огцрох хийгээд томилогдох сайд хэн бэ?


Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Ингэснээр Нисэх, Яармаг орчмын 160 мянга гаруй айлын бохирыг бүрэн боловсруулж, цаашлаад үүнд түшиглэсэн шинэ хороолол байгуулах боломж нээгдлээ. Уг цэвэрлэх байгууламж бохир ус, лагийг бүрэн боловсруулж, саарал усыг техникийн зориулалтаар, лагийг газар тариаланд ашиглах гэнэ. Энэ нь анхны битүүмжлэлтэй цэвэрлэх байгууламж бөгөөд Туркийн ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр барьжээ.


Нефтийн үнэ буурснаар дэлхийн ЭЗ-ыг удааширч байна

Дэлхийн зах зээлд нефтийн үнэ унаж байгаа нь нүүрсний хэрэглээг хязгаарлах магадлалтай гэнэ. Тухайлбал өргөн хэрэглээний Брент нефтийн үнэ 0.3%-р буурч $72.96 болжээ. Энэ нь Америкийн Иранд тавьсан хориг, Азийн зарим орны валютын ханшны уналт болон Америк, Хятадын худалдааны дайнаас үүдэлтэй байна.


Spice girl хамтлаг 10 жилийн дараа эргэн нэгдэнэ

Тэд 4 гишүүнтэйгээр Английн 6 хотоор аялан тоглолт хийх гэнэ. Учир нь хамтлагийн 5 гишүүний нэг Виктория Бекхам тэдэнтэй нэгдэх боломжгүй гэжээ. Аялан тоглолт 2019/6/1-нд Манчестер хотоос эхлэх юм. Хамтлаг хамгийн сүүлд 2012 оны Лондоны олимпын хаалтын ажиллагаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон байна.

Таны сонорт


Хуванцар савны хэрэглээг бууруулах ₮4.5 саяын шагналын сантай уралдаан зарлагдлаа.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр