Ковид-19-ийн цар тахлын анхны голомт гэгдэдгээрээ Дэлхий даяар хэн бүхний мэдэх газар болсон Хятадын Ухань хотод энэ удаагийн шинэ жилийг Ковид-19-ийг ялсан баяр болгон өргөн дэлгэр тэмдэглэжээ. Тус хотын оршин суугч олон мянган хүн Арванхоёрдугаар сарын 31-ний орой Ханков талбай дахь түүхэн дурсгалт Гаалийн барилгын урд цугларсан байна. Шөнө дунд он солигдоход цугларсан хүмүүс “Шинэ жилийн мэнд хүргэе” хэмээн баяр хөөртэйгээр хашгирч, өнгөт бөмбөлгийг олноор нь тэнгэрт хөөргөв. Ухань хотод сүүлийн хэдэн сарын турш Ковид-19-ийн нэг ч халдвар бүртгэгдээгүй бөгөөд Коронавирусийн вакцинжуулалтын ажил эхэлсэн байна.

ДЭМБ-ын шинжээчдийн баг энэ Нэгдүгээр сард тус хотод хүрэлцэн ирж Цар тахлын үүсэл, тархалтын талаар судлаж, дүгнэлтээ гаргаж албан ёсоор олон улсад танилцуулах юм. Ковид-19-ийн вирус Уханиас гаралтай гэх эрдэмтэд байхад, үүнээс өмнө Европт бий болсон гэх өөр нотлох баримт ч гарч ирсэн. Нэлээд олон орны эрдэмтэд багтсан ДЭМБ-ын шинжээчдийн баг нь эдгээр маргааныг эцэслэн хагалж, нэг мөр болгох зорилготой билээ.

Эх сурвалж: udriintoim.mn