Уулзалтад Улсын нэгдсэн төв эмнэлэг, эмнэлгийн тусгай мэргэжлийн төв, сувилагчдын эрх ашгийг хамгаалах ТББ-ын төлөөлөл,  Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгийн нэгдсэн төв эмнэлэг болон сумын хүн эмнэлгийн сувилагчид оролцсон байна.

Тэдний зүгээс цалин хөлсийг нэмэгдүүлэх, орон сууцны хангамжийг сайжруулахад Засгийн газраас дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг илэрхийлжээ.

Харин ерөнхий сайд Засгийн газрын тэргүүний хувьд сувилахуйн ухааны ажилтан, албан хаагчдад хүндэтгэл үзүүлж, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсох, шийдвэрлэх зорилгоор  уулзаж буйгаа хэлсэн юм.

Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд “сувилагчдын дундаж цалин 400.000-500.000 төгрөг. Тэдний цалинг 7-49 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байгаа” гэлээ. Үүнд жилдээ 73 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдахаар тооцоог гаргажээ.

Мөн 5000 сувилагчийг орон сууцжуулж, ипотекийн зээлд хамруулах хүсэлтэй байна гэж Ерөнхий сайдад мэдэгдлээ.  

Маргааш тохиох олон улсын сувилагчдын өдрийг угтан энэ сарын 10-11 өдрүүдэд "Сувилахуйн тусламж  үйлчилгээ үзүүлэгч, үйлчлүүлэгч эрхийг хамгаалъя" уриан дор эмч мэргэжилтнүүд тэмдэглэн өнгөрүүлсэн байна.