2009 оны зун испани хагас хамгаалагч Хаби Алонсо “Ливерпүүл”-ээс “Арсенал”-д очихыг хүсч, өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсэн тухай Франсеск Фабрегас өгүүлжээ. Гэвч тэр зун “Арсенал” ганц Томас Вермаленийг “Аякс”-аас аваад харин Хаби Алонсо “Реал Мадрид” руу одсон юм.

“Тэр зунжингаа би Хабитай харилцуурын хоёр талд зүүгдээстэй байлаа. Тэр “Арсенал”-д ирэхийг маш их хүссэн. Маш их шүү. “Ливерпүүл”-ийн мэдэлтэй бүх хүмүүсээс “Арсенал” руу явуулж өгөөч гэж гуйсныг нь би мэднэ. Ирэхийг маш их хүссэн болохоор өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсэн. Би ч гэсэн клубынхэнтэйгээ ярилцаж, бодлоо хэлж, чадах бүхнээ хийж билээ. Түүнийг авчихвал манай баг улам хүчтэй болно гэдэгт эргэлзээгүй тул их ч “зүтгүүлсэн”.

Хөлбөмбөгч өөрөө ирэхийг асар их хүсээд байдаг, ирчихвэл багийн хүч илт нэмэгдэх гээд байдаг. Гэвч хэд хэдэн тохиолдол дээр клубын зүгээс хангалттай хүч чармайлт гаргаагүй юм. Би клубын захирал биш болохоор яах билээ дээ. Хөлбөмбөгчийн хувиар л бодлоо хэлэхээс цаашгүй. Миний бодлоор бол хөлбөмбөгч өөр багт очихыг маш их хүсч буй бол хүслээр нь л болдог байх ёстой. Хаби Алонсо яг л тийм байсан.

Тэр бараг өдөр бүр л “За, наагуур чинь яаж байна?”, “Наашаа эргэх нь үү?” гэх мэтээр асууна. Харамсалтай нь тэр наймаа бүтээгүй юм. Миний бодлоор бол тэр “Арсенал”-д яг таарах тоглогч байсан” хэмээн Фабрегас өгүүлжээ.

Р.Гэгээ