Дэлхийн дөрвөн удаагийн аварга, Германы нисэгч Себастьян Феттельтэй гэрээ сунгахгүй байхаар шийдснээ “Феррари”-гаас мэдэгдлээ. Феттелийн гэрээ энэ улирлыг өндөрлүүлээд дуусгавар болж буй юм.

32 настай нисэгчтэй гэрээ сунгах талаар ярилцсан ч хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүй гэнэ. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол “Феррари”-гаас нэг жилийн хугацаатай гэрээ санал болгосон бөгөөд цалинг нь 12 сая евро болгож эрс буулгах гэсэн тул Феттель хүлээн зөвшөөрөөгүй ажээ. Тэрбээр 2015 оноос эхлэн “Феррари”-тай хамтран ажиллаж байгаа юм.

Харин энэ улирлын Формула-1-ийн хувьд коронавирусийн цар тахлын улмаас нэг ч гараа зохион байгуулаагүй байна.  Долоодугаар сард Австрийн Гран-При болж магадгүй байгаа ажээ.

Р.Гэгээ