ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2020 оны тавдугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул, өдгөө 98 настай С.Цэгмидийг ОХУ-ын төрийн дээд шагнал "Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-гоор шагнах зарлиг гаргасан билээ.

Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд өчигдөр (.20.06) “Фронт” С.Цэгмид шагнал гардуулах ёслол боллоо. Шагналыг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов И.К. гардуулсан юм. 1942 оны арваннэгдүгээр сард Монгол Улсаас фронтод зориулсан бэлэг, эд зүйлсийг ачсан гурав дахь цуваа ЗХУ-ыг зорьжээ. Нийт 237 вагонтай цуваа байсан бөгөөд тэдгээрт Улаан арми, Зөвлөлтийн ард түмэнд зориулан Монголын ард түмний үйлдвэрлэсэн өвлийн хүрэм,  шинель, нэхий дээл, гутал болон хоол хүнс ачсан байжээ. Дагалдан явсан хүмүүсийн дунд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин бүсгүй С.Цэгмид байв. Тэрбээр фронтод тулалдаж байсан цэргүүдэд эд зүйлсийн тусламж цуглуулахад идэвхтэй оролцсон нэгэн юм.

“Фронт” С.Цэгмид ОХУ-ын төрийн дээд шагнал гардсаныхаа дараа “Өнөөдөр миний дээд баяр болж байна. Манай Монгол Улсад малаа малласаар байгаад ийм сайхан гавьяаг энэ өндөр насандаа хүртдэг юм байна. Ижийдээ баярлалаа, төрдөө баярлалаа, энэ хувь заяандаа баярлаж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn