Энэ сарын 18-нд товлогдсон UFC249-ийн тулаан болдгоороо болох гэнэ. Гэхдээ дэлхийн аварга Хабиб Нурмагомедовын оронд Жастин Гэтжи октагонд гарч, Тони Фергюсонтой тулахаар болжээ.

“Тулааны гэрээнд гарын үсэг зурж, 100 хувь бүтлээ. Дэлхийн хаа нэгтээ болох энэхүү тулааныг ESPN-ий шууд эфирээр үзээрэй. Хөнгөн жингийн түр хугацааны дэлхийн аваргын бүсийн төлөө Фергюсон-Гэтжи тулна” хэмээн UFC-гийн ерөнхийлөгч Дэйн Уайт мэдэгдсэн байна.

Тулаан хаана болохыг одоо хүртэл зарлаагүй байгаа юм. Харин Хабиб Нурмагомедов коронавирусийн цар тахлын улмаас ОХУ-д хөл хорионд орсон тул энэ тулаанд оролцох боломжгүй болжээ. Ийнхүү Хабиб-Фергюсоны тулаан тав дахь удаагаа бүтэлгүйтлээ.

Р.Гэгээ