Дөрөвдүгээр сарын 18-нд UFC-гийн октагонд Хабиб Нурмагомедов-Тони Фергюсон нар тулах ёстой байсан. Гэвч коронавирусийн цар тахлын улмаас энэ тулаан болох эсэх нь тодорхойгүй байгаа билээ.

Хабиб Нурмагомедов Орост хөл хорионд орсон тул тулаанд оролцох боломжгүй гэж эхэндээ мэдэгдсэн. Үүний дараагаар Тони Фергюсон “тайзнаа гарч”, Хабибын аваргын бүсийг хураа, тэр тулаанаас хулчийлаа гэх мэт мэдэгдлүүд хийсэн билээ.

Тэгвэл Хабиб Нурмагомедов хариу мэдэгдэл бас хийгээд амжлаа. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас хувийн онгоцыг нь гуйж авах боломжгүй гэдгээ дурьдсан ч тулаан болох газраа хэлчихвэл очно гэдгээ амлажээ.

“Яг одоо надад тулаан болох байршлаа хэлээд өгчих л дөө. Хэрвээ би Оросоос гарч чадвал хаана ч тулалдсан яахав. АНУ юмуу Абу Даби аль нь ч хамаагүй. Би тулалдахыг хүсч байна. Надад зүгээр байршлаа л хэлчих. Би Дэйн Уайт руу өдөр бүр утасдаж, “Хөөе, хаана юм бэ?” гэж асуусаар байгаа.

Дэндүү галзуу явдлууд, хэтийдсэн түм буман асуултуудад хариулаад хэлчих юм надад алга. Фанатуудын хувьд энэ мөрөөдлийн тулаан нь болохоор сэтгэл гонсгор байгааг нь ойлголгүй яахав. Миний хувьд ч гэсэн мөрөөдөл минь шүү дээ.

Би энэ тулаанд оролцохгүй бол мөнгөө алдана, их хэмжээний мөнгөө алдана. Хэн ч ийм их мөнгийг зүгээр нэг алдчихья гэж бодохгүй биз дээ. Хэн ч тэгж бодохгүй. Мөнгөнөөс гадна ч зүйл алдана. Тэгэхээр тулалдахыг л хүсч байна” хэмээн Хабиб өгүүлжээ.

Р.Гэгээ