Дэлхийг хамгийн том UFC холбооны өндөр хүлээлттэй байсан ээлжит тулаан өнөөдөр боллоо. Мэдээж энэ удаагийн тэмцээний оргил нь 70 кг-ын холимог тулааны дэлхийн аваргын бүсний төлөөх Ирланд аварга Конор Макгрегор, Орос аварга Хабиб Нурмагомедов нарын гал гарсан тулаан байлаа.

Аль аль нь тухайн жингийнхээ аваргын бүсийг эзэмшдэг уг хоёр тамирчин хэн жинхэнэ хаан бэ гэдгээ нотлон харуулахын тулд дөрвөн үе тулалдаж, Оросын аварга Хабиб Нурмагомедовын ялалтаар өндөрлөлөө.

Ийнхүү тэрээр домогт аварга Конор Макгрегорыг ялснаар UFC-д хийсэн бүх тулаандаа ялалт байгуулж, 10 жил босоо байсан амжилтаа баталж 27-0 гэсэн үзүүлэлттэй болж байна.

Гэхдээ Хабиб Нурмагомегдов тулаан дууссаны дараа ёс бус үйлдэл гарган дэвжээнээс гарч үзэгчидтэй зодолдсон ба багийн хамтрагчид нь дэвжээн дээр нэвтэрч Конорыг цохиж, багагүй үймээн дэгдээлээ.

Үүнээс үүдээд тулааны дараа түүний ялалтыг албан ёсоор зарлаж бүсийг нь зүүж өгсөнгүй. Албан бус мэдээллээр түүний ялалтыг хүчингүйд тооцож, багийнхантай нь хамт хариуцлага тооцох, цаашлаад UFС-гээс хөөх хүртэл арга хэмжээ авч болзошгүй гэж гадны сайтууд мэдээлжээ.

Харин Конор Макгрегор хоёр жилийн турш тулаан хийгээгүй байсан бөгөөд энэ удаад боох мэхэнд орж ялагдсанаар UFC-ийн дэвжээн дээр хоёр дахь, холимог тулааны карьер дэх дөрөв дэх ялагдлаа амслаа. Тэрээр өмнө UFC-н 78 кг-д тулалдаж Нейт Диазд мөн л боолгуулах мэхээр ялагдаж байсан удаатай.

WOOOOW! Khabib vs McGregor finish and scuffle!!#UFC229

Posted by UFC 365 on Sunday, October 7, 2018