Бид тоймлоё, Та унш

 

2018.02.13 Мягмар                 -14°C   2,405.35  Хэрүүл тэмцэл ирнэ


Энэ өдөр болох үйл явдал

  • Гандантэгчлин хийдийн Тэргүүн их хамба лам Д.Чойжамц мэндчилгээ, айлдвар айлдана.
  • Монголын хөл бөмбөгийн “Эрчим” баг Хойд Солонгосын “Хэпүл” багтай тоглоно.

Чухлыг тоймлоё


Намайг дуудан сэрээсэн гэгээн шинийн нэгэн сайн байна уу?

Шинийн нэгэнд нар мандахаас өмнө босохгүй бол тэр жилдээ ажил нь бүтэхгүй гэдэг үг сонссон л биз дээ. Тэгвэл айлын эзэгтэй туулай цагт босож цайгаа чанан, гэрээ эмхлэн цэгцлэх ёстой. Эрчүүд нь малынхаа байдлыг харж тэр жилийн өнгийг шинждэг уламжлалтай. Харин нийслэлийн залуучуудад харах мал байх биш, хийморийн овооноос нараа л харах юм даа.

Малгай толгой, товч бүрэн, бүс чанга Амар байна уу?

Зарим нутагт эцэг эх, эмээ өвөөгөөсөө түрүүлж лам багштайгаа золгодог ёс ч бий. Ахмад хүнтэй золгохдоо,  “Та амар байна уу?” гэж тохойноос нь түшнэ. Хариуд нь настнууд алгаа дэлгэн золгож “магнайн баяр” болгон зөрүүлэн духан дээр нь үнэрлэдэг. Түүнээс хацар нүүрнийх нь хаана ч хамаагүй шүлстэн үнсэх ёс байхгүй гэнэ.

Хадгаа өгөх үү, эс өгөх үү

Алд цэнхэр хадгаа алган дээрээ барин золгох нь хадгаа бэлэглэн өгч байна гэсэн утгыг илтгэдэг байна. Хэрэв та хадгаа өгөхийг хүсэхгүй бол хадгийнхаа баруун үзүүрийг баруун гарынхаа ядам хуруунд дотор талаас нь нар зөв ороогоод чигчий рүүгээ унжуулан золгох нь зөв шүү.


АИ-92,80 шатахууны үнэ нэмэгдэв

Саяхан л АИ-92,80 онцгой татварыг тэглэж, одоо ёстой үнэ нэмэгдэхгүй гэсэн ч өнгөрсөн долоо хоногт АИ-92 үнэ 30-170 төгрөгөөр нэмэгдсэн. Уг нь дэлхийд нефтийн ханш унаж байна гэж Сангийн сайд өнгөрсөн долоо хоногт хэлсэн. Ханш унахад буурах ёстой байтал манай улсад нэмэгддэг систем бий болж. Үүнийг албаныхан тайлбарлахдаа, “огцом үнийн савлагаанд өртөхөөс сэргийлж 20-30 төгрөгөөр нэмсэн” гэв. Угаасаа л үнийг нь нэмэх байсан юм бол татварыг нь тэглэх хэрэг байсан ч юм уу дөө.


Буруу талдаа рультэй машины гэрлийн тусгалыг өөрчилж эхэллээ

Баруун талдаа жолоотой 300 мянган машин байгаагийн 100 мянгынх нь гэрлийн тусгалыг энэ жил өөрчилнө. Жолооч та амьдарч байгаа дүүргийнхээ техник үйлчилгээний төвд гэрлийн тусгалаа өөрчлүүлэх боломжтой. Төлбөр нь 1650 төгрөгийн үнэтэй байна. Буруу талдаа рультэй машины гэрлийн тусгал нь эсрэг урсгалд явж байгаа жолоочийн нүд рүү тусаж олон осол гардаг байна. Тиймээс жолооч та өөрийн болон бусдын эрүүл мэнд, өмч хөрөнгийн төлөө гэрлийн тусгалаа өөрчлөөрэй.


5 сарын 1-с өмнө амжаарай

0,7 га газраа аваагүй хүн хурдан аваарай. Учир нь, газар өмчлөх тухай хуулийн хугацаа 5 сарын 1-нд дуусаж, хэрэв сунгагдаагүй тохиолдолд иргэд өмчлөн авах газраа худалдаж авдаг болох нь. Одоогийн ханшаар 0,7 га газрыг тооцвол 9 сая орчим төгрөг болох юм. Ингээд наян настай буурлаас найман сартай нярай хүртэл сонгосон газраа үнэгүй авдаг үе дурсамж болж магадгүй нь ээ.


П*рн үздэг хүмүүс сэрэмжтэй байгаарай

Учир нь Нетлаб 360 гэх Хятадын аюулгүйн байгууллагын судалгаагаар захын порно сайтууд хүртэл таны компютерийг ашиглан крипто валют олборлодог байна. Тус судалгаанд дэлхий даяар хүмүүсийн хамгийн их хэрэглэдэг 100 мянган вебсайтыг шалгасан ба 241 нь крипто валют олборлох код агуулсан байсныг илрүүлжээ. Харин уг 241 сайтын 49% нь порно сайт байсан аж.


Өдрийн Тойм Олимп


Олимпын хамгийн анхны алтан медалийг Шведийн тамирчин Шарлотт Калла гүйлтийн цанын төрлөөр авсан бол одоогийн байдлаар 4 алт 1 хүрэл медалиар Герман улс тэргүүлж байна. Хүлээлттэй байсан хоёр Солонгосын хамтарсан хоккейн баг Швейцарийн багт ялагдал хүлээжээ. Гэхдээ та Хойд Солонгосын хөгжөөн дэмжигчдийн видеог заавал үзээрэй.


Таны сонорт


Тийн унжлагат шороон нохой жилд жил нь орж буй хүмүүс онцгой засалтай. 13, 73-ны жил орж буй хүмүүс бие махбодийн хямралтай, 25, 85 - ад зэтгэр босох нигууртай 37, 97- дайсан махбодтой, 49 - хийморь доройтох, 61-төрсөн махбодтой, шулмын хөнөөл гарах хэмээн зурхайд буужээ.


Өдрийн тойм Статистик


Цагаан сарын баярт зориулж нэг өрх дунджаар 636.2 мянган төгрөгийг идээний зардалд, үүнээс 60.2% нь бор идээний, 39.8% нь цагаан идээний зардал байдаг.


   Өдрийн тойм Сошиал