Б.БАЯР

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын өмнөх өдөр Засгийн газар 140 тэрбум төгрөгийг Хүүхдийн мөнгөнд тараасан. Тэгвэл үүнээс болоод ОУВС-гийн төлөөлөгчид Монголд ирээд ажиллаж байна.

ОУВС-гийн төлөөлөгчид болох Koshy Mathai, Ozgur Demirkol, Wendell Daal, Pierpaolo Grippa, Laszlo Butt, Pragyan Deb, Manuk Ghazanchyanболон эндэх суурин төлөөлөгч Neil Saker нар хоёр хоногийн өмнө Сангийн яаманд ажиллаж, данс тооцоог нь нягталжээ.

Ингээд тусламжийг тэтгэмжид тарааж, зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй болсон тул өчигдөр /2017.7.20/ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзах гэсэн боловч амраад явчихсан байжээ. Ерөнхий сайдын амралтын хугацаа 10 хоног үргэлжлэх мэдээлэл байгаа.

ОУВС-гийнхан Ерөнхий сайдаас дээрх мөнгөний асуудлаар тайлбар авна гэдгээ УИХ, Засгийн газрын удирдлагуудад мэдэгдсэн байна.

Ер нь Мэргэжлийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэж хэн бэ. Сэлэнгэ аймгийн Засаг дарга байсан. Боломжийн сайн дарга байсан. Удалгүй УИХ-д орж ирсэн. Сангийн сайд болсон. 2016 оны сонгуулийн дараа Ерөнхий сайд болсон.

Тэр даруухан, дөлгөөхөн төрхтэй, элдэв шалдав юм яриад байдаггүй Ерөнхий сайд л даа.

Гэхдээ улс төрийн өгсүүр замыг тэр зовж туулаагүй. Зүгээр л лифтээр дээшээ явчихсан. Жил шахмын өмнө дөө, МАН-ын бүлгийн нэг удаагийн хурал дээр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “…Эрдэнэбат аа, чи бол зүгээр л нэг аймгийн дарга бацаан” гэж загнасан байдаг. Хэлсэн нь л хэлэмгий доломгойгоороо алдартай Ц.Нямдорж болохоос бус үнэн үг хэмээн МАН-ынхан тэр үед том жижиггүй ярьж байсныг санаж байна.

Ж.Эрдэнэбат яаж аймгийн дарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Ерөнхий сайд болсны учир холбогдол сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар тодорхой болсон. Гэхдээ энэ яахав. Даргын дүү дарга болж болохгүй гэсэн хууль байхгүй.

Харин тэр ахынхаа итгэлийг дааж өнгөрсөн нэг жилд маш сайн ажиллах ёстой байв. Дахин санал хураалтын өмнөхөн ОУВС-тай хийсэн хэлцлээ зөрчиж 140 тэрбум төгрөг тараасныг эс тооцвол энэ сонгуульд оруулсан түүний гай нь их юм.

Үнэнийг хэлэхэд энэ удаагийн сонгууль Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын үнэ хүндийн суурь дээр явсан. Түүний Засгийн газар ганцхан жил ажиллахдаа “гариг андуурсан” томилгоо, татвар нэмж, татварыг шинээр бий болгож, хүүхдийн мөнгө, оюутны тэтгэмжийг хассан зэргээр 2016 онд сонгогчдыг татсан намынхаа бүх амлалтыг нураасан. Юу үнэн, энэ үнэн.

Үүнээс болж МАН-ын нэр хүнд навсайтал уначихсан байсан нь сонгуулийн өмнө ямар ч судалгаагүйгээр хэнд ч тодорхой байв. Гэвч Засгийн газар ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр асар их мөнгө гэнэт тарааж жинхэн популизм хийгээд ч намын даргадаа ялалтын туг авчирч чадаагүй. Авчрах ч бололцоогүйгээр МАН-ынхаа нэр хүндийг шороодуулсан даа. Шуудхан хэлэхэд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөдтэйхэн ажилласан бол МАН өдөр дараалсан ялалтынхаа тоог нэгээр нэмэх байлаа.

Гэтэл Ерөнхий сайд танхимынхаа нэг сайдтай холбогдож, их гарын, үнэтэй жийп машин хүртэл өгч авалцсан тухай АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай “цаас” барьчихсан ярьж байсан. Бас Тавантолгой, Эрдэнэт зэрэгт баримталж байсан эхний байр сууриуд нь эхний үед ард түмний талд гэж харагдахааргүй байв.

Энэ мэтээр явсаар Ерөнхий сайд, түүний Засгийн газар ард түмний дэмжлэгээс холдсон. МАН ч дагаад унасан. Үнэндээ ийм үед сонгуульд оролцоно гэдэг М.Энхболдын хувьд гал руу үсэрсэнтэй л адил байсан юм.

Ингэж МАН-ын ялагдлын “хундаам”-ыг сайтар ухаж өгсөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сонгуулийн өмнө бэлнээр тараасан гээд байгаа 173 тэрбум төгрөгийн асуудалд бас л холбогдож болзошгүй байна. Өөрөө биш юм гэхэд танхимынх нь сайд нараас Концессын гэрээ, нүүрсний гэрээнээс үүдэлтэй мөнгө төгрөгийн асуудалд эхнээсээ орооцолдоод эхэлсэн л дуулдаж байна.

Тэгэхээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эхлээд 140 тэрбумыг хаанаас, ямар эх үүсвэрээс авч тараасан гэдгээ ОУВС-гийнханд тайлбарлах хэрэгтэй болж байна. Дараа нь 173 тэрбумын асуудал бас сөхөгдөнө гэсэн үг.

Гэтэл мань эр амраад алга болчихсон байна. ОУВС-гийнхан хүлээгээд л байдаг. Уг нь халуун зунаар саалиа хаяад үхдэг эхнэр байдаггүй гэдэг сэн. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бол Засгийн газраа хаяад л зугтчихлаа. Үнэндээ ОУВС-гийнханд хэлэх үг түүнд байхгүй. Юу гэх юм бэ? Сонгуульд ялагдах гээд аргагүйдээд тараасан гэх үү. Дарга дарамтлаад, тараа гэсэн гэх үү. Тиймээс ОУВС-гийнхантай уулзаж, улаан нүүрээ улалзуулж суухыг хүсээгүй нь тодорхой харагдаж байна. Тэгээд л зугтчихжээ.

Ер нь тэрээр ийм маягаар уснаас хуурай гараад сурчихсан хүн. Энэ удаагийн сонгуулийн хариуцлагыг хэн хүлээх вэ гээд МАН-ынхан ёстой л алалцаж байна. Эзэн байдаггүй. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд хэд хоногийн өмнө “…Намын даргаа өгнө” гэж мэдэгдсэн шиг Ж.Эрдэнэбат “..Хариуцлага хүлээж Ерөнхий сайдын албаа өгье” гэж дуугарах ёстой байсан юм. Бүр М.Энхболд даргаас урьтаж, сонгуулийн маргааш л огцрох хүсэлтээ өөрөө гаргах нь зүйд нийцэх байсан.

Гэтэл амраад явахдаа “эсэргүү” Гамбаа гэх эртний нэртэй Нийслэлийн МАН-ын дэд дарга М.Ганбаатарыг өөрийгөө өмөөрүүлэх үүрэг хүлээлгээд орхичихсон бололтой. Сүүлийн хэд хоног эсэргүү Гамбаа энд тэнд хэвлэлийн хурал хийж, нам руугаа дайраад зогсох янз ялга.

Эцэст нь, энэ удаад Ерөнхий сайд ийш тийш зугтаад ч хариуцлагаас мултрах нь юу л бол. Намаа сонгуульд унагаад байтугай сайдтайгаа эвгүй харьцаад л огцордог юм, Ерөнхий сайд гэдэг хүн чинь.

Дээрээс нь хэлэхэд, Улсын Ерөнхий сайд бол ийм цаг үед ОУВС-гийнхны өмнө улалзаад л зогсч байх учиртай. Адаглаад л тэд чинь дэлхийд ярихдаа Жаргалтулгын Эрдэнэбат зугтчихлаа гэж ярихгүй. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улс хэлцлээ зөрчлөө гэж ярина. Монголын маань л нэр гарна.

Дахиад хэлье. Халуун зунаар саалиа хаяад үхдэг эхнэр гэж байдаггүй юм, Ерөнхий сайд аа.

Эх сурвалж: www.polit.mn