Д.Трампыг дэмжигчид АНУ-ын Конгрессын хуралдааныг тасалдуулахаар Нэгдүгээр сарын 6-нд Конгрессын байшин-Капитолын ордон руу дайран орж эзэлсэн ба энэ үеэр хамгаалалтын нэг цагдаа, нийт таван хүн амь эрсэдсэн харамсалтай үйл явдал болсон. Тухайн үед Конгрессын хуралдаанаар Жо Байденг Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялсныг, улмаар Төрийн тэргүүнээр сонгогдсоныг баталгаажуулах ёстой байв. Цагдаагийн нэмэлт хүч Капитолын ордонд ирж хууль бусаар эзлэн түрэмгийлэгчдийг хөөн явуулснаар Конгрессын хуралдаан дахиж эхлэн Жо Байденг Ерөнхийлөгчөөр сонгогдсоныг батламжилсан билээ.

Дашрамд дурдахад, Д.Трамп нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байсан бөгөөд уг үймээн гарахын өмнө өөрийн дэмжигчдэд хандан “Хэрвээ Та бүхэн тамд орсон мэт тэмцэхгүй бол улс оронгүй болно” хэлж байв. Энэ хэлсэн үгнээсээ болж хүмүүсийг Капитолын ордон руу дайрахыг уриалан дуудсан хэрэгт буруутгагдаад буй.

Жо Байден Үндсэн хуулийн дагуу ирэх долоо хоногийн лхагва гараг, Нэгдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангаргийг Капитолын ордны өмнө өргөж дараа нь Цагаан ордон дахь оффистоо очиж ажилдаа орох юм. Тангараг өргөх ёслолд Д.Трамп оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Харин Дэд ерөнхийлөгч Майк Пенси байлцахаар болсон.

Нэгдүгээр сарын 20-нд гарч болзошгүй үймээнээс сэргийлэхийн тулд Капитолын ордны ойролцоох зорчигчдын метроны 13 буудлыг тангараг өргөх ёслолын өдрийн маргааш нь хүртэл хаажээ. Жо Байденыг Капитолын ордны өмнө Ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэр зохион явуулах шоунд Америкт төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн урлагийн одод Леди Гага, Женнифер Лопес нар оролцох болов. АНУ-ын төрийн дууллыг Леди Гага дуулах юм байна.  Ордны хүч нэмэгдүүлсэн тусгай хамгаалалтад Үндэсний гвардийн 20-иод мянган цэрэг дайчлагдсан бөгөөд тэдний зарим нь аль хэдийнэ хуваарилагдсан байраа эзлэн одоогоор хийх зүйлгүй учраас ордны коридор, шатны дэргэд унтаж амран тухалж байна.