“Херо энтертайнмент” студийн зураглаач Н энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр Монголд ирээд тусгаарлагдаагүй, онгоцоор зорчихдоо зөвшөөрөлгүй байсан зэрэг мэдээллүүд гараад байгаа. Тэгвэл энэ асуудлаар “Херо энтертайнмент” студийн найруулагч Б.Баатар хэвлэлд ярихдаа " “Херо энтертайнмент” бол Монголын түүхийг бичиж үлдээх агуулгатай контентууд хийдэг. Түүний нэг бол “Зуун эрхэм", “Зуун чухал сэдэв”. Тухайн үед тэр хүн юу ярьж, юуны тухай өгүүлж байсан, юуны төлөө зорьж байсныг техник технологи хөгжсөн энэ үед өөрийнх нь дүрс, дуутай нь авч хадгалах нь бидний үүрэг, түүхийг баримтжуулах шинэ арга зүй. Төрийн зүгээс сүүлийн 30 жил түүхээ баримтжуулж архивлах бодлого баримталж чадсангүй. Тэр бол үнэхээр харамсалтай. Хамгийн сүүлд 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр эмгэнэлтэй үйл явдал болсон. Одоо харахад энэ тухай дүрс маш ховор. Багахан хэмжээний муу бичлэг байдаг.

Монголын түүхтэй холбоотой маш том үйл явдал болж байхад манайхан дүрсжүүлж бичиж авч үлдээх нь бага. Зөвхөн сенсацлаад байдаг. Ихэнхдээ манай хэвлэлийнхэн. Дараа нь баримтат кино хийе гэхээр хүмүүсийн яриа голдуу байдаг. Эсвэл ганц хоёр фото л үлдчихсэн байх жишээтэй. Тэр утгаараа бид энэ аюултай тахлыг монголчууд яаж эмх цэгцтэй давж байгаа тухай, бид алсарч мартсаар байгаа үндэстний аюулыг сөрж зохион байгуулагдах нэгдмэл мэдрэмж сэргэж, ард түмэн нэг нэгэндээ ямар их хүнлэгээр ч хандаж байгаа тухай кино хийхийг зорьсон юм. Үүнд ямар нэгэн улс төрийн зорилго, улс төрийн захиалга байхгүй. Нэрт нийтлэлч Баабараас эхлээд зарим нэгэн хүмүүс шүүмжилж харагдана лээ. Манай салбараас ч тэр, Ерөнхий сайдын пиарыг хийлээ гэж.

Ер нь АН-ынхан голдуу энэ тухай хэлээд байгаа юм. Ямарваа нэгэн уран бүтээл өөрөө улстөржихгүйгээр явах тохиолдол байна. Юм болгоныг улстөржүүлдэг, харлуулдаг байдлаа болимоор байгаа юм. Аюулт өвчний үед ч гэсэн улс төрийнхөн уваагүй үйлдэл гаргасаар байгаа нь муухай харагдаж байна. Хэмжээ цээрээ давсан үйлдэл бол уваагүй үйлдэл. Улс төрийн хонжоо хайх нь ямартаа ч энэ тахлын үед биш гэдгийг эрхбиш хүн л юм бол, Монголоо алдаагүй хүн юм бол ойлгоцгоомоор байна. Манай зураглаачийн хувьд яг л бүх ном журмын дагуу яваад ирсэн. Зураглаач маань Сөүл дэх бүх процесс зураг авалтыг хийж, тэнд байгаа хүмүүсийн яриа бичлэгүүдийг аваад буцаж ирээд яг л хууль журмын дагуу карантилагдсан. Одоо Жаргалант сувилалд байгаа. Ямар зорилготой ийм мэдээлэл гарсан нь ойлгомжгүй. АН-ын талдаа хүмүүсээс л харлуулах үйл явдал ар араасаа гараад байна. Иргэн Баатар миний хувьд би муу юм хийдэг байж болно, муу муухай юм хийсэн байж болно. Гэхдээ би эх орондоо хайртай хүн. Тэр утгаараа би гэр бүлдээ хайртай, хамт олондоо хайртай. Тиймээс бид тусгаарлагдахгүй байсан ч тусгаарлагдах ёстой гэж бодож байсан.

Оператор ч гэсэн насанд хүрсэн хүн. Мэдээж тэр аюулт өвчний голомтоос ирчихээд хяналтгүй явах боломжгүй. Эрсдэлээ бодно биз дээ. Юу гэж шууд гэртээ очих юм бэ. Ухамсартай хүн бүр ингэж бодно. Гадуур яриад байгаа мэдээлэл үнэхээр ор үндэслэлгүй. Зураглаачаа явуулах хүсэлтийг би хууль журмынх нь дагуу Улсын онцгой комисст гаргаж зөвшөөрөл авсан" гэжээ.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ