Бид тоймлоё, Та унш

2018.05.24 Пүрэв                                                   27°C   2,410.95 Эрч хүч ихэснэ

 Чухлыг тоймлоё


Япон хаягдлаар Олимпын медаль хийнэ.

Яаж гэж үү?

Тэд цахилгаан барааны хог хаягдлаасаа үнэт металлыг нь боловсруулж медаль болгоно. Тухайлбал, гар утас болон таблетын ялтас платинум, алт, мөнгө, лити, кобальт, никел зэргийг бага хэмжээгээр агуулдаг. Мөн автомашин болон гэр ахуйн цахилгаан бараанд төмөр, зэс, хар тугалга, цинк зэрэг ховор металлууд бий.

Хэрэггүй зүйлээ хаягдал цуглуулах хайрцагт...

Японы 2400 цэгт цахилгаан барааны хаягдал цуглуулах хайрцаг байрлуулжээ. Энэ хайрцагт иргэд өөрт хэрэгцээгүй гар утас, таблет, ТВ, хөргөгч зэрэг цахилгаан бараагаа хийх юм.

Тойм

Токио-2020 зуны олимпын медалийг хийхэд 40 кг алт, 2930 кг мөнгө 2994 кг хүрэл шаардлагатай. Тиймээс Япончууд эдгээр үнэт металлыг байгалийн баялгаас бус хогноосоо гаргах санаачлагыг эхлүүлсэн. Манай улс уг санаачлагад энэ сарын 22-нд нэгдсэн. Магадгүй манай улс Японы дээрх туршлагыг нэвтрүүлж, байгалийн баялгаа биш хогийн цэгээ олборлох цаг ирэх биз ээ.


Манай улс виз олгох журмаа хөнгөвчиллөө

Манай улсын харьяатаас гарсан, МУ-ын иргэнээс төрсөн гадаад хүүхэд болон гэр бүлийн гишүүнд H ангиллын 90 хоног хүртэлх визийг зөвшөөрөлгүй олгохоор боллоо. Мөн виз олгохоос татгалзсан хариу авсан иргэн 90 хоногийн дараа дахин хүсэлт гаргадаг байсныг 30 хоног болгожээ. Энэ нь виз олгоход таатай нөхцөл бүрдүүлж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх зорилготой гэж мэргэжилтнүүд үзжээ.


ШТС-ын 30% нь хуурамч шатахуун борлуулдаг гэв

Нэр бүхий компаниудын шатахуунаас дээж авч лабораторт шинжлүүлэхэд ШТС-ын 30% нь хуурамч шатахуун борлуулж байсан гэж Шатахуун хэрэглэгчдийн холбооноос мэдэгдлээ. Өнгөрсөн онд МХЕГ холбогдох газруудтай хамтран хуурамч шатахууны асуудлыг шалгасан ч хариу нь одоог хүртэл гараагүй байна. Тиймээс шалгалтынхаа хариуг нэн даруй ил болгохыг тэд шаардлаа.


Хятад импортын машины татвараа бууруулна

Тэд ирэх 7/1-ээс эхлэн импортын машин, сэлбэгийн татварыг бууруулж 15% болгоно. Энэ нь өнгөрсөн 7 хоногт Америктай хийсэн худалдааны хэлэлцээрийн үр дүн байж магадгүй гэж NHK агентлаг мэдээлжээ. Ийнхүү татвар буурснаар “машины үнэ буурч, үйлдвэрлэгчид шударга өрсөлдөх боломжтой болно” гэж Хятадын сангийн яам үзжээ.


Гутлын хайрцгаас $600 мянгын үнэтэй эртний ваар олдлоо

Францын нэгэн гэр бүл дээврийн хөндийгөө цэвэрлэж байгаад гутлын хайрцгаас Хятадын Чин гүрний үеийн ховор шаазан ваар олжээ. Тэд дуудлага худалдааны компанид даруй очиж шинжлүүлсэн ба ваар нь маш ховор төдийгүй өндөр үнэ хүрнэ гэдгийг мэдсэн байна. Та ч гэсэн харанхуй өрөө, aвдрын ёроолоо ухаад үзэхэд илүүдэхгүй байх шүү.

Таны Сонорт


Цонх, толь зэргийг цэвэрхэн тунгалаг байлгаснаар байгалийн гэрлийг бүрэн нэвтрүүлж, гэрэлтүүлэгт зарцуулах цахилгааныг 10%-иар хэмнэнэ.

Өдрийн тойм Статистик


Та өөртэйгөө адилхан ургийн овогтой хэдэн хүн байдгийг харахыг хүсвэл энд дарна уу.

Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр