Манай улс Хойд Солонгос хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Гадаад хэргийн сайд Ри Ён Хо энэ сарын 8, 9-нд Монголд айлчлахаар боллоо.

Айлчлалын хүрээнд гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ри Ён Хотой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцох юм байна.

Ри Ён Хо нь 2016 онд Хойд Солонгосын гадаад хэргийн сайдаар томилогдсон ба Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудалд Америктай тохиролцоо хийж буй гол хүн нь юм.

Сонирхуулбал, Манай улс Хойд Солонгостой 1948 онд дипломат харилцаа тогтоож, 1951 онд ЭСЯ-аа харилцан нээжээ. Хоёр орны худалдааны хэмжээ 2016 онд 2.1 сая доллар байгаагаас экспорт 383.4 мянган доллар, импорт 1.7 сая доллар байгаа юм.