Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр АНУ-ын нисэх онгоцууд, нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг устгасныг харуулсан фото болон видео эвлүүлгийг толилуулжээ. Тэдгээрт АНУ-ын бөмбөгдөгч онгоц “B1-B”, сөнөөгч онгоц “F-35” зэргийг усгаж буй фото эвлүүлэг, БНАСАУ-ын шумбагч онгоцноос АНУ-ын нисэх онгоц тээгч “Карл Винсон” хөлөг онгоц руу баллистик пуужин харваж, улмаар бөмбөгдөхийг харуулсан видео эвлүүлэг багтсан байна.

Эвлүүлгүүдийг АНУ-ын нисэх хүчний “B-1B Lancer” бөмбөгдөгч онгоц сөнөөгч онгоцуудын хамт Хойд, Өмнөд Солонгосын хилийн зэвсэггүй бүсийн олон улсын агаарын зайд ниссэний дараахан олны хүртээл болгожээ. Нислэгийн дараа АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Д.Вайт, “Энэхүү нислэг АНУ-ын Ерөнхийлөгчид Солонгосын хойг дахь аливаа аюул заналхийлэлд хариу барих байлдааны олон хувилбар буйг харуулсан сэрэмжлүүлэг байсан юм” гэж мэдэгдсэн билээ.

Үүний хариуд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо НҮБ-ын Ерөнхий ассамблейд үг хэлэхдээ, тус улсын удирдагч Ким Чен Уныг доромжилсны хариуд АНУ-д пуужингийн цохилт өгөхөөр заналхийлэн Доналд Трампыг биеэ тоосон сэтгэцийн өвчтэй хүн гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ч дуугүй суусангүй. Тэрээр өөрийн “Twitter” хуудсандаа, “НҮБ-д Хойд Солонгосын Гадаад хэргийн сайдын хэлсэн үгийг сонслоо. Хэрэв тэр пуужин сугавчилсан одой удирдагчийнхаа санааг илэрхийлсэн бол Хойд Солонгос улс удаан оршин тогтнохгүй” гэж бичжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар