Мэргэжлийн боксын түүхэн дэх аугаа хоёр аварга Майк Тайсон болон Эвандер Холифилд хэдхэн хоногийн зайтай хоёулаа рингнээ эргэн гарахаар зэхэж эхэлснээ зарласан. Тэднийг хоорондоо өндөр бай шагналтай тулаан хийж магадгүй гэсэн таамаглал ч гарсан. Тэгвэл 53 настай Төмөр хочит Майк Тайсоныг хоёр удаа ялж үзсэн 57 настай Эвандер Холифилд гурав дахь тулаанд дууджээ.

“Тийм ээ, Тайсонтой гурав дахь тулаан хиймээр байна. Энэ тулаанд би бэлэн. 57 настай ч гэсэн сайн үзэлцэж чадна гэдэгтээ эргэлзэх юм алга. Түүнийг дөнгөчихнө гэдгээ ч мэдэж байна. Гэхдээ энэ тулаан биелэхийн тулд Майк зөвшөөрөх хэрэгтэй.

Тулааныг нокаутад хүргэхгүй байх аргыг бас олвол зүгээр. Бид хоёрын хэн ялах нь чухал биш нэгэн цагийн аугаа боксчид эргээд рингэнд хамт гарлаа гэдэг нь чухал. Бокс түрэмгий, танхай спорт ч гэсэн бид сайн тулаан харуулж чадна гэдгээ нотлохыг хүснэ.

Майкт одоо олон санал тавьж буй байх л даа. Гэхдээ бид хоёр хоёулаа рингнээ буцан гарахаар шийдсэн болохоор хоорондоо тулаасай гэж хүмүүс хүсч буй нь маргаангүй” гэж Холифилд өгүүлжээ.

1996 онд болсон тулаанд Холифилд ялж, улмаар жилийн дараагаар даага нэхэх тулаан болоход Тайсон өрсөлдөгчийнхөө чихийг тас хазаж, дуулиан тарьсан билээ.

Р.Гэгээ