Бид тоймлоё, Та унш

2019.03.04 Даваа                                          3°C   2,635.34  Хэрүүл тэмцэл ирнэ

Чухлыг тоймлоё


Заамарын уурхайд осол гарч, 4 хүн нас барлаа

Төв аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Эко-Алтан Заамар ХХК-ийн 80 метр гүн уурхайд 2/28-нд осол гарч, 6 хүн, 2 техник хэрэгсэл нурангид дарагдсан юм. Осол болсон даруйд 2 иргэн эсэн мэнд гарч, 4 иргэн нас барлаа.

Яагаад осол гарав?

Нарийн тодорхойгүй ч 24 цагийн өмнө 32 км-н зайд болсон газар хөдлөлтөөс болсон байх магадлалтай гэх тайлбарыг албаныхан өгөөд байна. МХЕГ "одоо үйл ажиллагааг нь зогсооно” гэсэн ба амь насаа алдсан 4 иргэн 31-53 настай байжээ.

Аврах ажиллагаа 4 хоног үргэлжлэв 

Нуранги болсон газарт тогтсон усыг соруулсан ч дахин ундарч гарч байсан нь аврах ажиллагаа явуулахад хүндрэл учруулсан юм. Ослын газарт 200 гаруй алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

Харамсалтайгаар амь насаа алдсан 4 иргэний гэр бүл болон төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.


ЖДҮ-чдийг хуулийн өмнө хэвтүүл”

Хэвтүүл хөдөлгөөнийхөн Бямба гарагийн 12:00-16:00 цагт Чингисийн талбайд жагслаа. Тэд ЖДҮ-чид зайл, ЖДҮ-чид хонины арьс нөмөрсөн чоно зэрэг лоозон барьж, ЖДҮХС-с зээл авсан гишүүд, албан тушаалтнууд болон ЕС У.Хүрэлсүхийг огцрохыг шаардлаа. Тэд цаашид зээл авсан гишүүдийн тойргийн сонгогчдоос огцруулах гарын үсэг цуглуулахаас гадна Бямба гараг бүрийн 11:00 цагт талбайд жагсана гэлээ.


Гялгар тор bye bye

Гялгар торыг хэрэглээнээс хассан ЗГ-ын тогтоол Баасан гарагаас хэрэгжлээ. Ингэснээр 0.035 мм-с нимгэн буюу 10 болон 100-ын торыг хэрэглэвэл ₮300 мянгаас ₮3 саяар торгуулах юм. Дэлхий дахинд элэг, ходоод, улаан хоолой, нойр булчирхайн өвчлөл ихсэх болсон нь гялгар уутны хэрэглээтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзжээ. Иймд даавуун тор сонгох нь зөв бөгөөд 1 хүн даавуун уут хэрэглэдэг болсноор 22 мянган гялгар уутыг хэрэглээнээс хасах гэнэ. Тэгээд ч мөнгөнд хэмнэлттэй шүү.


Бин Ладены хүүгийн талаарх мэдээллийг $1 саяар авна

Алан хядах Аль Кайда бүлэглэлийн толгойлогч асан Осама Бин Ладены хүү Хамзагийн байршлыг зааж өгсөн хүнд Америкийн ЗГ $1 саяыг өгөх гэнэ. Хамза 30 гаруй настай ба Исламын террорист бүлэглэлийн толгойлогч юм. Тэрээр сүүлийн жилүүдэд эцгийнхээ өшөөг авч Америкийн эсрэг халдлага үйлдэхийг дэмжигчиддээ уриалсан байна. Хамза хуримаа хийснийхээ дараа ээжтэйгээ амьдарч байсан ба одоогоор Пакистан, Афганистан, Сирийн аль нэгэнд байх магадлалтай гэнэ.


Венесуэлд туслах Америк, Оросын шийдлийг НҮБ дэмжсэнгүй

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн орон Венесуэлд тулгараад буй улс төр, хүмүүнлэгийн асуудлыг шийдэх Америк, Оросын гаргалгаанд санал хураалаа. Америкийн зүгээс Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулж, ОУ-ын тусламжийг хилээр нь нэвтрүүлэх шийдэл гаргасан байна. Харин Орос Венесуэлийн ЗГ-т чиглэл өгч улс төрийн асуудлыг нь шийдэхэд туслах хэрэгтэй гэх санал дэвшүүлжээ. Гэвч санал дэмжигдээгүй ба 9-с дээш санал авсан бол хэрэгжих боломжтой байсан юм.

Таны сонорт


Энэ сарын 4, 5-нд 300 гаруй ажлын байрны өдөрлөг зохиогдоно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр