Их Британид энэ Арванхоёрдугаар сарын 2-ноос эхлэн Коронавирусийн цар тахлын тархалтын түвшингээр нь бүсчилж дөрвөн ангилалд хуваасан. Хамгийн бага эрсдэлтэй Нэгдүгээр ангиллын хотуудад спортын уралдаан, тэмцээний үеэр цэнгэлдэхэд 4000 үзэгчийг, Хоёрдугаар ангиллын хотуудад 2000 үзэгчийг нэвтрүүлж оруулахыг зөвшөөрсөн юм. Энэ журмын дагуу Хоёрдугаар ангилалд багтсан Английн хөлбөмбөгийн АШТ буюу Премьер лигт тоглодог нийт 20 багаас Лондон хотын зургаа, Ливерпүүл хотын хоёр, мөн Саутхэмптон, Брайтон хотын тус бүр нэг, нийт 10 баг өөрийн талбайдаа 2000 үзэгчтэй цэнгэлдэхэд энэ сард тоглож эхэлсэн. Гэтэл нийслэл Лондонд Ковид-19-ийн мутацад орсон шинэ омгийн вирусын халдвар хурдацтай тархсан учраас тус хотыг  илүү эрсдэлтэй Гуравдугаар ангилалд саяхан шилжүүлсэн байна. Иймээс Премьер лигийн “Арсенал”, “Вест Хэм”, “Кристал Палас”, “Тоттенхэм”, “Фулхэм”, “Челси” гэсэн Лондоны зургаан баг нь өнгөрсөн долоо хоногоос 2000 үзэгчтэй тоглох эрхгүй болж хоосон цэнгэлдэхэд тэмцээнээ үргэлжлүүлэх болжээ.

Английн өмнө зүгийн далайн боомтын Саутгэмптон, Брайтон хотод Коронавирусийн тархалт мөн хурдацтай нэмэгдсэнээс үүдэж тус хотууд нь өчигдрөөс Хоёрдугаар ангиллаас Гуравдугаарт хамрагдах болжээ. Ийм учраас Премьер лигт өрсөлддөг “Саутгэмптон”, “Брайтон” багууд нь Лондоны хөлбөмбөгийн зургаан клубтэй нэгэн адил цаашид нэг ч үзэгчгүй хоосон цэнгэлдэхэд тоглох болов.

Эцэст нь Премьер лигийн 20 багаас ердөө Ливерпүүл хотын “Ливерпүүл”, “Эвертон” гэсэн хоёр клуб өөрийн цэнгэлдэхдээ 2000 үзэгчтэй тоглох эрхтэй үлдлээ. Лигийн 15 дугаар тойргийн тоглолтууд ирэх амралтын өдрүүдэд болно. “Ливерпүүл” ням гарагт нийт 53394 суудалтай өөрийн “Энфилд“ цэнгэлдэхдээ 2000 үзэгчийнхээ өмнө “Вест Бромвич” багтай тоглох хуваарьтай.