Өдрийн Тойм - Чухлыг тоймлоно

Нийтлэл

    Хувьдаа хаус завшсан Л.Пүрэвбаатар шүүхийг хойшлуулж, юу хожихыг хүсэж байна вэ

    2020-04-15 16:49
    Categories: Нийтлэл

    Албан тушаалаа далайлган хувьдаа ашиг хүртэж болдог цөөхөн хэдэн төрийн өмчийн байгууллага байдгийн нэг нь "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг. Улаанбаатар төмөр замын захирлаар ирсэн хүн бүр л хөрөнгө мөнгөтэй холбоотой маргаанд холбогддог. Түүний нэг нь дарга асан Л.Пүрэвбаатар.

    Тэрээр "Улаанбаатар төмөр зам"-ын даргаар ажиллах хоёр жилийн хугацаанд төрийн мөнгөөр Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хаус бариулж авсныг дараагийн удирдлагууд ил болгож одоогоос хоёр жил гаруйн өмнө шүүхэд хандаж байв. Гурван шатны шүүхээс Л.Пүрэвбаатарыг тус хаусыг эзэмших эрхгүйг тогтоосон. Түүгээр зогсохгүй шүүхийн шийдвэрээр хаусыг чөлөөлөх гэж очсон шүүхийн шийдвэрийнхнийг Л.Пүрэвбаатар эсэргүүцэн бөөн шуугиан болж байв.

    Төрийн мөнгөөр үнэтэй хаус бариулж зүрхэлсэн эрхэмд эрх мэдлээ урвуулан ашигласан зүйл ангиар АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж эдүгээ шүүхийн шатанд ирээд буй. Гэвч сүүлийн хэдэн сарын дотор түүнд холбогдох шүүх хурал хэдэнтээ хойшлогдож байна. Хамгийн сүүлд өнөөдөр товлогдсон хурлаар шүүгдэгч Л.Пүрэвбаатар дахин шинжилгээ хийлгэх, мөн хохирогч талаас 2018 оны санхүүгийн хяналт шалгалт хийсэн тайлан гаргуулах тухай хүсэлтүүдийг  гаргаснаар шүүх хурал дахин тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо.

    Нийслэлийн прокурорын газраас Л.Пүрэвбаатарт 2002 оны  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн  265.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

    Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ

     

    Ажлын өдрийн тойм мэдээгээ үнэгүй аваарай.

    Share This