Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч, С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хэлэлцсэн байдаг.  Улмаар өнгөрсөн сард болсон хуралдаанаар гомдлыг хүлээж аваагүй,  хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.  Тэгвэл Б.Хурц нарыг шүүх анхан шатны шүүх хурлыг  Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 20-нд хэлэлцэхээр товложээ.

Өнгөрсөн хугацаанд С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, хохирогч Б.Булган нарыг эрүүдэн шүүж, хүч хэрэглэн хэрэг хүлээлгэсэн хэмээн дээрх есөн хүнд Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны наймдугаар сард зургаан өдрийн турш хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан юм. Үүнийг нь улсын яллагч, НПГ-ын хяналтын прокурор Б.Мөнх-Од, Б.Энэрэл нар эсэргүүцэн тус аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Давж заалдах шатны шүүх 2019 оны аравдугаар сарын 9-нд уг хэргийг хянаад прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж дүгнэн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон билээ. Харин шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид уг магадлалыг хянуулахаар Дээд шүүхэд хандсаныг Дээд шүүх хүлээж аваагүй юм.

Эх сурвалж:www.udriintoim.mn М.Өнөр