Бид тоймлоё, Та унш

2018.08.07 Мягмар                        23°C   2,457.53  Жаргал үргэлжид ирнэ

Чухлыг тоймлоё


Нөхөн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоов

Нам, эвсэл дээд тал нь ₮102 сая, нэр дэвшигч ₮92 саяыг сонгуульд зарцуулахаар Үндэсний аудитын газар тогтоолоо.

Нөхөн сонгууль хэзээ вэ?

УИХ-ын товлосноор 10/7-нд. Гэвч нэр бүхий хуульчид нөхөн сонгууль зарлах тухай тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд хандсан юм. Улмаар Цэц энэ асуудлыг дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр болсон ч хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна.

Намууд нэр дэвшигчдээ сойж эхлэв

МАН, МАХН, АН нөхөн сонгуульд оролцоно гэдгээ өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Гэхдээ аль намаас хэн нэр дэвших нь 9/4-нд тодорхой болно.

Нөхөн сонгуулийн эзэн Д.Гантулгын шүүх хурал

Түүнд холбогдох шүүх хурлыг 8/17-ны 10:00 цагт хаалттай хийхээр боллоо. Тэрээр 2017 онд “Н” гэх эмэгтэйг гэрт нь хүчирхийлсэн хэрэгт холбогдож, УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөр нөхөн сонгууль явагдах болсон юм.


Ээлжит бус чуулган хуралдуулах эрхзүйн үндэслэлгүй гэв

УИХ-ын дарга М.Энхболд чуулган хуралдах эрхзүйн үндэслэлгүй гэлээ. Тэрээр чуулган хуралдуулж, АТГ-ын даргыг чөлөөлөх тухай хэлэлцэх нь хуульд нийцэхгүй гэж үзжээ. Гэвч хуульд зааснаар УИХ-ын гишүүний ⅓ зөвшөөрсөн эсвэл Ерөнхийлөгчийн хүсэлтээр чуулган хуралдах ёстой байдаг. Л.Оюун-Эрдэнэ нарын 26 гишүүн 7/10-нд, Ерөнхийлөгч 7/17-нд чуулган хуралдуулах хүсэлт гаргасан юм.


73 жилийн өмнө Хирошимад

Америк 1945.8.6-ны 08:15 цагт Хирошима хотод атомын бөмбөг хаясан юм. Тэгвэл уг өдөр амиа алдсан 314,118 хүний нэрийг дурсгалын хөшөөнд байрлуулж, бөмбөг унасан цагт олон мянган Япончууд 1 хором дуугаа хураажээ. Энэ үеэр Хирошима хотын дарга дэлхий дахиныг цөмийн зэвсэггүй болохыг уриалсан бол ЕС Шинзо Абэ туслахад бэлэн гэжээ.


Индонезид газар хөдөлж 91 хүн амь үрэгджээ

Тус улсын Ломбок аралд 6.9 магнитудын газар хөдлөлт болж, 200 хүн шархдаж 91 хүн амиа алджээ. Гамшгийн улмаас арлын зарим хэсэгт тог тасарч Танжун хот утасны сүлжээгүй болжээ. Албаныхны мэдээлснээр хохирогчдын тоо нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Ломбок, Бали арлууд нь 40 мянган км-г хамарсан Номхон далайн галт уул, газар хөдлөлтийн идэвхтэй бүс юм.

Таны сонорт


 Ослын хийн дэрний анхааруулах гэрэл аюулгүйн бүсэд алдаа гарсан тохиолдолд асна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр