Завхан аймгийн их усан Хүнгий голын тухай энд өгүүлье.

Ерөнхий сайд Ц.Дамдинбазар, Улсын Бага хурлын нарийн бичгийн дарга Баатад Ламжав, Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди нарын эрт эдүгээн төрийн түшээдийн, мөн Б.Явуухулан, Д.Намдаг, Л.Ванган, Б.Цэнддоо, Ц.Бавуудорж нарын үе үеийн Төрийн шагналт зохиолчдын төрж өссөн Завхан аймаг нь элсний нүүдэл шиг чимээгүй урсах, мөрөнгийн энтэй Завхан голоороо нэрлэгддэг. Завхан гол нь Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийн баруун урд өврөөс эх авч Монгол элсний /элсэн нуруу/ хаяагаар 808 км урсан Увс аймгийн зүүн хаяаны Айраг нуурт цутгадаг билээ.

Завхан голтой мөн адил Айраг нуурт цутгадаг, Монголын Бор хярын элсний /элсэн нуруу/ хаяагаар урсдаг хоёр дахь их усан бол Хүннү буюу Хүнгий гол. Нэрнээс нь харахад энэ гол хоёр мянга гаруй жилийн тэртээ Төв Азийн нүүдэлчдээс анх төрт улсаа байгуулсан монголчууд бидний дээд өвөг Хүннүчүүдийн сав нутгийн нэг хэсэг байсныг илтгэдэг билээ. Ер нь Хүннү нэртэй гурван гол өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт буй. Кирилл бичгээр дуудагдаж нэр нь өөрчлөгдсөн Архангайн Хануй, Хүнүй, Завханы Хүнгий.

Хүннү гэсэн үг Хүнгий болон дуудагдаж, кирилл үсгээр яагаад ингэж бичих болов гэдгийг тайлбарлая. Арчих гэсэн үйл үгэнд нэр үг үүсгэх -уур дагавар залгалаа. Арчуур гэсэн шинэ нэр үг гарлаа. Гэтэл бид алчуур гэж ярьдаг, бичдэг. Энэ нь Монгол хэлний авиа ижилсэх, ондооших гэсэн дүрмээр тайлбарлагдана. Үүнтэй ижил төстэй хувилбараар Hungnu (галиглахад Хүннү ийм байна) гэхэд ордог их энхлэгтэй ng-ийн “г” гийгүүлэгч нь ярианы хэлэнд хойд талынхаа “н” гийгүүлэгчийг алга болгосон байна. 1940-өөд оноос бүх нийтээр кирилл үсэгт шилжихэд Хүннү голын нэрийг эхэндээ Хүнгү, удалгүй Хүнгүй, улмаар одоогийнхоор Хүнгий гэж бичсээр хэвшжээ. Ер нь monggol, монгол гэдэгтэй харьцуулахад ойлгомжтой болох байх. Ташрамд дурдахад, Завхан голын нэр нь эртний худам монгол бичгээрээ Явган гол юм. “Их мөрөн дөлгөөн эрдэмт хүмүүн даруу” гэсэн хэлц үгний дөлгөөн гэсэн утга нь “явган”-д хадгалагдаж буй.

Зүүнээс баруун зүг довтолгодог Хүнгий нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын хилийн баруун дээсний элсэн манхан дороос эх авч Мухартын гол нэртэйгээр эхэлнэ. Гурван км урсаад элсэн манхан доогуур буцаж шурган ил харагдахаа болино.

Эндээс баруунтаа таван км хол зайд элсэн дороос урсгал ус нь дахин гарч ирэх ба нутгийнхан Шавартын гол гэж нэрлэнэ.Шавартын гол дөрвөн км урсаад бас элсэн манхан доогуур шургаж ил үзэгдэхгүй болно.

Таван км-ийн дараа дахиад элсэн манхан дороос мэлтэлзэн гарч ирнэ. Нутгийнхан нь Нарийн гол гэж нэрлэдэг. Нутаг дэвсгэрийн хувьд Завхан аймгийн Завханмандал суманд харьяалагдана. Нарийн гол нь дахиж элсэн манханд шургалгүй ил урссаар тус сумын төв Нуга суурингийн араар гарахдаа нэрээ албан ёсоор Хүнгий хэмээн сольж аваад цааш довтолгон Завханы Ургамал сумын нутгаар дайрч урсана.

Адаг руугаа Увс аймгийн Завхан сумын нутгийн зүүн хаяанд очиж Айраг нуурт цутгадаг. 200 км урт Хүнгий гол нь элсэн манхан дороос гурван удаа эх авдгаараа, ийм хол урсдагаараа дэлхийд гайхагддаг их усан юм. Тив дэлхийн олон газарт элсэн манхнаас эх авдаг гол мөрөн цөөнгүй тааралддаг. Харин ийм хол урсдагаараа Хүнгий голтой эн зэрэгцэх нь огт байхгүй. Тэгэхээр дэлхийн Гиннесийн номд бүртгүүлэхээр эзнээ хүлээж байна гэж үзэж болно.

1990-ээд оны дунд үеэс эхлэн Францын голдуу гадаадын жуулчид “Элсэн Эверест-Монголын бор хярын элсэн манхан, түүний дороос эх авдаг Хүнгийн эх Мухартын голын гайхамшгийг үзнэ” хэмээн олон зуугаараа тус газрыг зорьдог болжээ. Сүүлийн жилүүдэд гадаадын төдийгүй дотоодын жуулчид Мухартын голын эхийг зорин ирж саатах нь уламжлал боллоо. /Эх сурвалж: “Монголын үнэн” сонин. Зураг: №1 Мухартын голын эх. №2 Нарийн голын эх/