ОХУ-ын Чита хотод тавдугаар сарын 13-нд хүчтэй салхи дэгдэж байшингуудын дээврийг хуулж, ихээхэн хэмжээний хохирол учруулжээ. Маш хүчтэй салхи гараашийг хөмрүүлж, байшингуудын дээврийг хуулж, ургаа модыг булгалж, гудамжинд явсан хүүхдүүдийг хийсгэх шахсан гэнэ. Чита хотын оршин суугч нэгэн эр хүчтэй салхины улмаас дээвэр дээрээс унасан бол гэмтэл авсан хоёр иргэн мөн эмнэлэгт ханджээ.

28.5 метр/секундээс дээш хурдтай хүчтэй салхи маш цөөн дэгддэг бөгөөд Кадала тосгонд салхины хурд 29 метр/секунд хүрсэн байна. Чита хотыг дайрсан энэхүү салхи баруунаас зүүн тийш чиглэж, Монголын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх юм байна.

Тиймээс ч байгалийн гамшигт үзэгдэл болж магадгүй тухай албаны байгууллагууд мэдээлэл хийлээ.

Энэ сарын 14-15-нд шилжих шөнө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар салхи 18-26 метр секунд хүрч ширүүсэх ажээ.

Маргааш буюу тавдугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар, Хэнтий,  Говьсүмбэр, Дорноговь, Төв, Дундговь аймгийн нутгаар салхи секундэд 26-28 метр хүрч шуурна. Зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсэх төлөвтэйг мэргэжилтнүүд анхааруулсан.

12 жилийн өмнө буюу 2008 онд цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 52 хүн амиа алдаж, 324 мянган мал хорогдож, олон арван гэр, байшингийн дээвэр хүчтэй салхинд хийсэж, иргэд гэр оронгүй болж байсныг холбогдох байгууллагуудын зүгээс иргэдэд сануулан, сэрэмжлүүллээ.

Р.Гэгээ