Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн гэрийн даалгаврыг хийлгэнэ гэдэг хэцүү асуудлын нэг байдаг. Янз бүрийн л аргаар гэрийн даалгаврыг нь хийлгэдэг. Зарим нь бүр өөрсдөө хийж өгдөг байна. Тиймээс энэ тухай Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач  Б.Энхлэнтэй ярилцлаа.

Сайн байна уу? Нэг хоёрдугаар ангийн хүүхэдтэй хэрхэн харилцаж, сургуульд дасгах нь зөв байдаг юм бэ?

Хамгийн эхлээд бэлтгэл гэдэг зүйлийг ярих хэрэгтэй. Яагаад гэвэл сургууль болон цэцэрлэгт ороход хүүхдийн орчин тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байгаа учраас сэтгэл зүйн бэлтгэл хийх шаардлагатай байдаг. Жишээлбэл, нэгдүгээр ангид  хүүхэд суралцаж эхлэх үед  аав ээж  нь сургууль хичээл болон багшийн  талаар зөв мэдээлэл өгч тайлбарлах нь бага насны хүүхдэд орчин солигдоход үүсэх айдсыг багасгах боломжтой. Эсвэл 8 сарын сүүлээр элсэн суралцах сургууль дээр нь авч очин сургуулийг нь танилцуулах, ангид нь дагуулж орох, сурагч ийм ангид суудаг, хичээлийг багш заадаг гэх мэт мэдээллийг орчинд өгч болно. Ингэснээр хүүхэд 9 сарын нэгэнд айх, сандрах түүнээсээ шалтгаалаад уйлах байдал гарахгүй байх боломжтой. Өөрөөр хэлбэл хүүхэд нэг удаа очсон орчиндоо хоёр дахь удаагаа очиход айх айдас нь  хамаагүй бага болсон байдаг.

-Хэрвээ та хүүхдээ ирээдүйд бие дааж шийдвэр гаргах чадваргүй болохоос айхгүй байвал яг одоо гэрийн даалгаврыг нь хийж өгч болно-

Тэгвэл гэрийн даалгавар гэж юу юм бэ?

Мэдээж сургуульд орохоор даалгавар хийнэ гэдэг асуудал тулгардаг. Ээж аав нар хүүхэд сургуульд орсон хүнд байна гэж ярьдаг. Зарим эцэг эхчүүд өөрсдөө гэрийн даалгаврыг нь хийх тохиолдол маш түгээмэл байдаг.

Нэгдүгээрт, хүүхдийн хажууд сургууль болон багшийн талаар муу үг хэлэхгүй байх хэрэгтэй. Магадгүй багш болон сургууль таны сэтгэлд нийцээгүй байж болно. Гэхдээ хүүхдийн дэргэд хэрхэвч муулж болохгүй. Хэрвээ санамсаргүй байдлаар муугаар хэллээ гэж бодоход буцаагаад багшийн зөв, багшийнхаа үгийг дагах хэрэгтэй гэдэг мэдээллийг нь хүүхдэд өгөх хэрэгтэй.

Хоёрдугаарт, гэрийн даалгавар нь сэтгэл зүйн талаасаа хүүхдэд бие дааж сурах анхны алхам болдог. Бас сурагч болж  анги хамт олонд орсноор  хүүхдэд нийгэмшлийн хичээл явагдаж байдаг. Мөн мэдлэгийг өөрөө эзэмших арга барилд аажим аажмаар сурч байдаг. Хэрвээ эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнөөс гэрийн даалгаврыг нь хийгээд байвал тэр хүүхэд бие даах чадвар сул , өөрөө мэдлэг эзэмших арга барил султай хүүхэд болж төлөвшиж болзошгүй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ гэрийн даалгаврыг  өмнөөс нь хийгээд өөрт нь ноогдсон хариуцлагыг нь хуваалцаад байвал насанд хүрээд ямар нэгэн асуудалтай тулгарахад бие дааж шийдвэр гаргаж чадахгүй, нөгөө л аав ээж өвөө эмээ рүүгээ “яах уу” гэж ханддаг болох эрсдэлтэй  .

-Хүүхдийн анхаарал 3-5 минут л төвлөрдөг-

Гэрийн даалгаврыг яаж хийлгэх нь хамгийн зөв юм бэ?

Ямар ч төрлийн хүүхдийг гэрийн даалгавар хийлгэж болдог. Хамгийн гол нь ээж аав нь яаж хийлгэх вэ? гэдгээс шалтгаална. Багшаас нь сайн чиглүүлэг авах хэрэгтэй. Багш хүүхэдтэй харилцах, хичээл заах, сурган хүмүүжүүлэх техникүүдийг эзэмшсэн байгаа. Бага насны хүүхдэд тоглоомын арга хэрэглэн хичээлийг нь хийлгэх нь үр дүн ихтэй байдаг. Жишээлбэл, нохойны сүүлээр бичигдсэн зургаагийн тоо ч юм уу. Нохойн дээр ямар тоо байдаг билээ гэхээр тоглоомын аргаар сурсан хүүхэд бол шууд 6 гээд л хэлнэ. Иймэрхүү арга барилуудыг ашиглан хүүхэддээ тоо, үсэг зааж болно. Үүнээс гадна бага ангид орж байгаа хүүхдийн анхаарал хэдэн минут төвлөрдөг вэ гэдгийг эцэг эхчүүд тэр бүр мэддэггүй. Ерөнхийдөө 3-5 минут  төвлөрдөг гэж үздэг. Дараа нь хүүхдийнхээ идэвхтэй цагийг мэддэг байвал хичээлийг нь идэвхтэй цагт нь хийлгэвэл үр дүн их байх боломжтой. Энэ нь бие физиологийн онцлогоос шалтгаалаад хүүхэд бүр өөр өөр байдаг.

 

Б. Энхлэн

Хүүхэд ээж ааваасаа л үлгэр дуурайлал авдаг шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд яаж үлгэрлэвэл болох вэ?

Зарим эцэг эхчүүдэд ажиглагддаг. Өөрөө утсаараа тоглоод суухдаа хүүхдээ өөртэй нь ижил үйлдэл хийхэд нь  боль гэж загнадаг. Энэ бол зөв зүйл биш . Хүүхэд ойр орчныхоо хүмүүсээс үлгэр дууриалал авч суралцдаг. Хэрвээ та хүүхдийнхээ хичээлийг хийлгэхийг хүсэж байгаа бол хажууд хамт ажлаа хий л дээ. “Ээж нь одоо ажлаа хийлээ. Миний хүү ч гэсэн гэрийн даалгавраа хий. Гэрийн даалгавар бол миний хүүгийн ажил” гэдэг ч юм уу?

Зарим эцэг эхчүүдэд анзаарагддаг л даа. Хүүхдийг зодож, загнаж хичээлийг нь хийлгэдэг. Магадгүй энэ нь ямар үр дагаварт хүргэдэг вэ?

Ингэж хичээлийг нь хийлгэснээс болж хүүхэд дунд ангид ороод гэрийн даалгаврыг хэцүү гэж бодоод “ял” юм шиг хүлээгээд авчихдаг. Бага ангид байхад нь даалгавар зөв хийх арга барилыг зааж өгөөгүйгээс болж ажил дээр гараад үүрэг даалгаврыг “ял” юм шиг хүлээж авдаг болох эрсдэлтэй. Тиймээс нэгдүгээр ангийн хүүхэдтэй эцэг эхчүүд жилийн хугацаанд л хүүхэдтэйгээ хамт нэгдүгээр ангид суралцана гэж ойлгон, хоёр гуравдугаар ангиасаа өөрөө биеэ даагаад хичээлээ хийдэг болох үндсийг нь тавьж байна гэж ойлгох хэрэгтэй. Биед нь ширүүн хүрэх, цохих, зодох зэргээс шалтгаалан хүүхдийн сэтгэл зүйд гэмтэл учруулж болзошгүй, Тиймээс эцэг эхчүүд онц сурдаг хүүхэдтэй байх нь чухал уу, сэтгэл зүйн хувьд эрүүл хүүхэдтэй байх нь чухал уу гэдгийг бодох хэрэгтэй.

Магадгүй хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй байдаг уу?

Хичээл номын асуудал дээр сэтгэл судлаачаас биш багшаас нь чиглүүлэг авбал зүйтэй. Зарим хүүхэд 9 сарын 1-нээс хичээл орно гэдгийг сонсоод л эцэг эхийн өгсөн буруу мэдээллээс болоод өөрийн мэдэлгүй стресстэж эхлэдэг. Манай эцэг эхчүүдийн дунд “сургууль бол эрдмийн өргөө, багш гэдэг эрдэм ном зааж өгдөг,  мэдэхгүй зүйлийг нь  хэлж өгдөг хүн” гэх зэрэг наад захын мэдээллийг хүүхдэдээ өгч сураагүй байдаг. Харин хүүхэд өөрийгөө илэрхийлж чадахгүй, үг дуу цөөтэй гэх асуудлуудаас болоод сургуулийн орчинд дасан зохицож чадахгүй байгаа үед сэтгэл судлаачаас зөвлөгөө авч болно.