Бид тоймлоё, Та унш

2019.02.27 Лхагва               1°C   2,634.48  Эд эдлэл, идээ ундаа элбэг олдоно

Чухлыг тоймлоё


С.Амарсайхан хотын дарга боллоо

НИТХ-ын хуралдаан 8 цаг гаруй хугацаанд үргэлжилсний эцэст 56.8%-н саналаар С.Амарсайханг хотын даргаар сонголоо. Уг шийдвэрийг ЕС У.Хүрэлсүх 5 хоногийн дотор батламжилснаар хүчин төгөлдөр болох юм. У.Хүрэлсүх түүнийг сонгогдохыг хүлээж байсан учир “дуугуй батламжилна” гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна.

Нэг нэгээрээ жагсаад...

Энэ удаад төлөөлөгчдийн гар утсыг хурааж, нэг нэгээр нь оруулан санал авсан юм. Учир нь 1/16-ны хуралдааны үеэр төлөөлөгчид санал хураалтын хуудасны зургийг авч нэгэндээ үзүүлсэн зөрчил гарсан гэнэ.

С.Амарсайхан гэж хэн бэ?

Оюуны ундраа группын захирал гэдгээр нь олон хүн мэднэ. Эрх зүйч мэргэжилтэй тэрээр Хятадын элчингийн атташе, НИТХ-ын дарга хийж байсан улс төрийн туршлагатай. Тэрээр хотын дарга болмогцоо, “Хөрс, агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллана” гэлээ. Ийнхүү С.Амарсайханы заларч байсан НИТХ-ын даргын суудал эзгүйрч дараагийн томилгоо яригдаж эхэллээ.


Цэнхэр, ягаан тасалбарын хувьчлалыг шалгана

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 28 жилийн өмч хувьчлалыг судлах ажлын хэсэг байгууллаа. Энэ нь дараагийн хувьчлалд оновчтой шийдэл гаргах зорилготой бөгөөд хэн нэгэнд хариуцлага хүлээлгэж, өмчийг нь хураахгүй юм. ЗГ-аас 2018-2020 онд Хөрөнгийн бирж, Төрийн банк, МИАТ зэрэг 27 компанийг хувьчлахаар шийдвэрлэсэн юм. Үүнийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн ч дээрх ажлын хэсгийн дүгнэлт гартал түдгэлзүүлэхээр боллоо.


Музейнүүд хүүхдэд үйлчлэхгүй  

Халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор 3 сарын 1-3-нд зохиогдох Музейн нээлттэй өдрүүдээр 10 хүртэлх насныханд үйлчлэхгүй байхаар шийдвэрлэлээ. Эдгээр өдрүүдэд УБ-ын бүх музей иргэдэд үнэгүй үйлчлэх юм. Сүүлийн үед томуугийн дэгдэлт харьцангуй буурсан ч гар хөл амны өвчин, менингит зэргийн өвчлөл нэмэгдээд байна.


Оросын пуужин Америкийг онилсон гэв

Оросын дуунаас хурдан пуужин Америкийн цэргийн бааз, Пентагон, Ерөнхийлөгчийн нууц байр зэргийг онилсон гэж Оросын телевиз мэдэгдлээ. Уг пуужин нь онилсон газартаа 5 минутын дотор хүрэх чадвартай гэнэ. Хоёр улс хүйтэн дайны үеийн цөмийн гэрээнээс гарснаас хойш бие биенээ цөмийн пуужин үйлдвэрлэж байгаа гэж хардах болсон юм. Улмаар Оросууд, Америкийн далайн ойролцоо хурдан шумбагч хөлөг байрлуулахад бэлэн гэсэн бол Америк хариу барина гэжээ.


Мадуро хог идэж буй иргэдээ харахыг хүссэнгүй

Америкийн телевизийн сэтгүүлч Мадуротай ярилцаж байхдаа хог идэж буй Венесуэлчүүдийн бичлэгийг үзүүлж, иргэд нь түүнийг дарангуйлагч гэж үздэг талаар хэлжээ. Үүнд дургүйцсэн Мадуро нэвтрүүлгийг орхин гарч цагдаа нар телевизийн багийг түр саатуулан камер, гар утас зэргийг нь хураасан байна. Венесуэлд ЭЗ-ийн хямрал нүүрлэснээс болж иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэн, эм тарианы хомсдолд ороод байгаа юм.

Таны сонорт


Image result for soldier icon Оюутан цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр