Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Монголын тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоо ТББ, Монголын Сонсголгүй иргэдийн нэгдсэн холбоо ТББ-уудтай хамтран 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд Хөдөлмөрч залуучууд хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулна.

Тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд бүртгэлтэй 2300 гаруй ажлын байранд ажил хайж байгаа ажлын туршлагагүй залуучуудыг холбож өгөхөөс гадна салбартаа тэргүүлэгч 20 аж ахуй нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байр нээлттэй зарлах юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-очир хэлэхдээ “25 болон түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна” гэж Хөдөлмөрийн тухай хуульд заалтыг хэрэгжүүлэхэд энэ үзэсгэлэн яармагийн зорилго оршиж байна гэлээ.

Мөн уг хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг нь ажлын туршлагагүй залуучууд  болон хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийслэлийн хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөрийн зах зээл дэх тэгш оролцоог хангаж байгаагаараа онцлог юм.

Хөдөлмөрч залуучууд хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг төрийн болон төрийн бус байгууллагуудын түншлэл дээр тулгуурлан зохион байгуулж байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагуудаас ажлын туршлагагүй залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэлзүйн болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй өгөх юм байна.

Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас цаашид ажлын туршлагагүй болон ажлын туршлагатай залуучуудад зориулсан томоохон хэмжээний хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэлээ.