Коронавирусийн цар тахлын халдвараар өвчилсөн хүмүүст санхүүгийн тусламж үзүүлэх хөдөлгөөн Дэлхий даяар өрнөж байгаа. Германы хөлбөмбөгийн IV лигт өрсөлддөг Лейпциг хотын “Локомотив” багийнхан буяны санд хөрөнгө мөнгө босгох өвөрмөц нэгэн арга сэджээ. Тус баг өөрсдийгөө үл үзэгдэгч Коронавирустэй халз тэмцээн зохиож байна гэж хийсвэрлэн “Локомотив – Үл үзэгдэгч Коронавирус” гэсэн бодит бус тоглолтын талаар яриа гаргажээ. Улмаар Германы хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдэд энэ тухайгаа танилцуулж тус бүр нь нэг еврогийн үнэтэй тасалбарыг худалдан авч хүмүүнлэгийн санд хандив болгохыг уриалсан байна. Сонин шийдэлтэй буяны аянд 110 мянга 717 хүн нэгдэж тус “тоглолтын” тасалбарыг худалдаж авснаар Коронавирусийн цар тахалтай тэмцэхэд зориулах 110717 евро хуримтлагдаад байна. “Локомотив” багийн тоглолтыг сонирхон цэнгэлдэхэд нь хүрэлцэн ирсэн үзэгчийн тооны дээд амжилт 1987 онд тогтоогдсон бөгөөд 120 мянга юм байна. Багийн удирдлагуудын яриагаар бол, мөдхөн дээрх дээд амжилт эвдэгдэх боломжтой гэнэ.