Хуурамч 20-тын дэвсгэртийн доллараар худалдаа хийсэн африк гаралтай америк иргэн Жорж Флойд баривчлагдахдаа амь насаа алдсан харамсалтай хэрэг саяхан гарсан. Жорж Флойдыг өнгөрсөн мягмар гарагт оршуулсан бөгөөд мэргэжлийн алдаа гаргаж түүнийг егүүтгэсэн гэх зэмд унаад байгаа цагаан арьст дөрвөн цагдаагийн нэг Томас Лейн гэдэг офицер барьцааны 750 мянган доллар төлж Хеннепин мужийн хорихоос түр суллагдлаа. Бусад гурвыг үргэлжлүүлэн хорьж шалгаж байна.

Манай гаргийн өнцөг булан бүрт өрнөсөн Жорж Флойдыг өмөөрсөн давалгаа эцэстээ хөшөө нурааж хорслоо тайлах хөдөлгөөн болж өрнөлөө. Арьсны өнгөөр гадуурхагчдын эсрэг зохион байгуулсан олон нийтийн тайван жагсаал цуглааны үеэр “Black Lives Matter” хөдөлгөөний хэт даврагчдын буулгаж нураасан хөшөө дурсгалууд:

1.Америкийн Виржина мужийн Ричмонд хотод Америкийг нээсэн Кристофер Колумбын хөшөөг нурааж ойролцоох нуур руу хаяж живүүлсэн.

2.Америкийн Виржина мужийн Ричмонд хотод Америкийн Холбооны улсын Ерөнхийлөгч Дэвис Жефферсоны хөшөөг нураасан.

3.Америкийн Виржина мужийн Портмуст хотод Холбооны дурсгалын цогцолборын дөрвөн хөшөөний нэгийг олсоор оосорлон суурь тавцангаас татаж унагасан. Энэ үеэр 30 орчим насны нэг эрэгтэй хөшөөнд толгой руугаа дэлсүүлж ухаан алдан эмнэлэгт хүргэгджээ.

  1. Английн Бристол хотод Их Британийн колоничлолын эзэнт гүрний томоохон бизнесмэн, боолын худалдаачин Эдвард Колстаны хүрэл хөшөөг сууринаас нь унагаж, Авон гол руу хаясан гэх мэт.

Английн өмнөд мужийн Пүүл хотын засаг захиргаа тус хотын усан боомтын тавцан дахь Скаутын хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, Бүргийн дайны баатар, генерал Роберт Баден-Паулын хөшөөг хэт даврагчид нураахаас урьдчилан сэргийлж агуулах руу зөөж түр хадгаллаа. Одоо дэлхий даяар 54 сая скаут байдаг ба 2007 онд Их Британид явуулсан “XX зууны хамгийн нөлөөтэй британи хүн” тодруулах санал асуулгаар тэрбээр 13 дугаар байрт шалгарч байжээ. “Black Lives Matter” хөдөлгөөнийхөн түүнийг колоничлолын эзэнт гүрнийг байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн, арьс өнгөөр ялгаварласан үзэл бодолтой байсан гэж буруутгажээ. Пүүл хотын эрх баригчид ойрын үед оршин суугчдын дунд хэлэлцүүлэг явуулж Роберт Баден-Паулын хөшөөг буцааж байранд нь тавих уу, эсвэл цаашид үргэлжлүүлэн агуулахад хадгалах уу гэдгийг нэг мөр болгон шийдэхээр боллоо.

“Хөшөө тийш очих ардын зам баларсангүй” гэдэг нь зөвхөн шүлэг яруу найрагт байдаг болохоос бодит байдал дээрээ хөшөө нь хүмүүсийн үзэл бодлын талцлын бай болдог. Монгол Улсад гэхэд 1951 онд Үндэсний төв номын сангийн өмнө босгосон Сталины хөшөөг 1990 онд нураахад зөв, буруу гэсэн яриа газар авч байлаа. Улсын баатар Э.Бат-Үүл нь Улаанбаатар хотын дарга байхдаа Улаанбаатар зочид буудлын өмнөх Лениний хөшөөг 2012 оны аравдугаар сарын 14-нд тушаал гаргаж буулгуулсан. Улс тунхагласны 30 жилийн ойн баяраар 1954 оны арваннэгдүгээр сарын 26-нд босгосон уг хөшөөг буулгасан нь Э.Бат-Үүл баатрын алдар хүндийг нэг их өргөөгүй байх аа. Харин хуучнаар Пионерийн ордон буюу одоогийн Урлан бүтээх төвийн өмнөх Лениний хүүхэд байх цагийн “Володя”-гийн хөшөөг нураалгүй үлдээсэн нь түүний нэр хүндэд нэмэх оноо өгсөн гэж улстөр судлаачид дүгнэдэг юм билээ.

“Black Lives Matter” хөдөлгөөнийхөн өнөөгийн даяарчлагдсан энэ дэлхий дээр аж төрж байгаа юм бол, хөшөөг нураахдаа албан ёсны зөвшөөрөл авдаг, бас уян хатан бодлогод нийцүүлэх ёстой гэдгийг ухаармаар санагдана. Товчхон хэлэхэд, хөшөөг нураахдаа Э.Бат-Үүл баатраас суралцах цаг болжээ.