Бид тоймлоё, Та унш

2019.01.03 Пүрэв                                      -18°C   2,643.69  Хэрүүл тэмцэл ирнэ

Чухлыг тоймлоё


1/1-с мөрдөгдөж буй хуулиуд:

Хөдөлмөрийн хөлсний тухай

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 33.3%-р нэмэгдэж ₮320 мянга боллоо. Цаашид ч тогтмол нэмэгдэх бөгөөд 2020.01.01-нд ₮420 мянга болно.

Төрийн албаны тухай

Уг хуулийн дагуу нам солигдох бүрт явагддаг халаа сэлгээ, даргын буруу шийдвэрээс гарсан хохирлыг улс барагдуулдаг гажуудал, удирдах албан тушаалын шаардлага хангасан бол арын хаалга, авлигагүйгээр томилогдох зэрэг чухал асуудлыг зохицуулах юм.

Нийгмийн даатгалын тухай

Нийгмийн даатгалын шимтгэл 1%-р нэмэгдлээ. Мөн тэтгэврийн насыг жилд 3 сараар нэмэх, эмэгтэй 55, эрэгтэй 60 нас, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 45-55 насандаа даатгуулагч хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхтэй болов.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай

Энэхүү хууль хэрэгжсэнээр бүх төрлийн түлшний мод, OSB хавтан, модон барилгын угсармал хийц зэрэг  татвараас 2022.12.31 чөлөөлөгдлөө.

Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх тухай

Архины хамааралтай хүнийг өөрийн хүсэлтээр болон шүүхийн шийдвэрийн дагуу 3 сараас 1 жил хүртэлх хугацаанд албадан эмчилгээнд хамруулдаг боллоо. Төлбөрийг 100% улс хариуцна.

Онцгой албан татварын тухай

Архи тамхины онцгой албан татварыг 5%-р нэмэгдүүлж энэ онд ₮394.5 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлэхээр болов.

Багшийн хөгжлийг дэмжих тухай

Уг хуулийн дагуу багшийг түрээсийн орон сууц, ипотекийн зээлд хамруулах, 44-с дээш хүүхэдтэй 1, 2-р анги туслах багштай байх зэрэг томоохон асуудлууд шийдэгдэнэ.


Учиртай баярлая Монголчууд аа!

Цагдаагийн албан хаагчид баярын өдрүүдэд 262 согтуу жолоочийг илрүүлж, 306 зам тээврийн ослыг бүртгэжээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн 1.110 дуудлага ирж, 25 хүнийг түр хамгаалах байранд оруулсан байна. Зам тээврийн ослоор 5 хүн, архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас 3 хүн нас баржээ.


Баянхонгорт 50 ортой хүүхдийн эмнэлэг нээгдэв

Ингэснээр өвөлдөө ачаалалд дарагддаг нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн хүндрэл арилах гэнэ. Тус аймаг 30 гаруй мянган хүүхэдтэй ба ханиад томуугийн үеэр ачаалал хэтэрснээс үүдэн халдварт өвчин дамждаг байна. Харин шинэ эмнэлгийн ачаар уг асуудал шийдэгдэж байгаагаас гадна ажлын байр нэмэгдэж байгаа юм.


Германд гуравдагч хүйсийг хуулиар зөвшөөрлөө

Ийнхүү албан ёсны бичиг баримтан дээр эр, эмээс гадна “бусад” гэх хүйсийн сонголтыг нэмлээ. Ингэснээр интерсекс буюу эр, эм хүйсийн шинжийг зэрэг агуулсан хүмүүс албан ёсоор гуравдагч хүйстэн болж байна. Дэлхийн хүн амын 1.7% нь интерсекс ба энэ нь хүйс, бэлгийн чиг хандлагаас тусдаа ойлголт юм.


Энэтхэгт 3 сая эмэгтэй 620 км урт чингэлгэн жагсаал хийлээ

Тэд эмэгтэйчүүд сүмд орохыг зөвшөөрсөн шүүхийн шийдвэрийг дэмжиж байгаа юм. Учир нь Энэтхэгт 10-50 насны эмэгтэйчүүдийг ариун бус гэж үзэн шашны зан үйлд оролцохыг хориглодог. Тус улсын дээд шүүх 9 сард Сабаримала сүмд эмэгтэйчүүдийг орохыг зөвшөөрсөн ч зарим иргэд эсэргүүцэн эмэгтэйчүүд рүү чулуу шидсэн байна. Улмаар 2-хон эмэгтэй 100 гаруй цагдаагаар хамгаалуулан сүмийн голд хүрчээ.  

Таны сонорт


Related image 2018 оны НӨАТ-ын баримтаа 1/8 дотор бүртгүүлээрэй.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр