Бид тоймлоё, Та унш

2020.01.31 Баасан                                          -15°C 2,751.61 Өнгө зүс сайжирна

Чухлыг тоймлоё 


Гэр бүлээрээ шинэлье 

Улсын онцгой комиссоос Цагаан сараар төрийн болон нутгийн зөвлөл, албан байгууллагын золголтыг хориглолоо. Мөн бөхийн барилдааныг цуцалж, Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг зөвлөсөн юм. 

Маск үйлдвэрлэх ажил “гацав” 

Улсын хэмжээнд маскны 1 үйлдвэр ажиллаж байгаа ба түүхий эдээ коронавирусийн голомт болоод буй Хубэй мужаас авдаг байна. Үүнээс үүдэн түүхий эдийн хомсдол үүссэн тул Япон, Солонгосоос маск авах хүсэлт тавьжээ. Мөн ДЭМБ-аас 2000-3000 коронавирусийн оношлуур авахаар болсон байна. 

Голомтоос ирэх иргэдийг тусгаарлана 

Одоогоор Уханьд байгаа 32 иргэнээ авахыг Хятадын тал зөвшөөрөөгүй ч Монголд авчраад шууд тусгаарлах юм. Мөн Эрээнд байгаа 200 орчим иргэнийг өнөөдөр 5 автобусаар авчирна. Хэдийгээр манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч өндөр эрсдэлтэйд тооцогдож байна.


УИХ-ын гишүүд 74 боллоо 

Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг УИХ 88.1%-н саналаар дэмжлээ. Ингэснээр түүний гэм буруугүй нь шүүхээр тогтоогдвол гишүүний бүрэн эрх нь сэргэх юм. Хэдийгээр тэрээр чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан ч бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал УИХ-д өргөн баригдсан учир хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ. Мөн түүнийг ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр МАН-аас хөөсөн юм.


Цалинтай чөлөө олгоно

ЗГ-аас 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэртээ асарсан эцэг, эхэд 5 хоногийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэлээ. Мөн коронавирусээс сэргийлэх зорилгоор тоног төхөөрөмж худалдан авахад ₮5.5 тэрбумыг төсөвлөсөн байна.


Коронавирус хурдацтай тархаж байна

Финландад коронавирусийн анхны тохиолдол илэрч, Сингапурт 10, Францад 5 дахь тохиолдол бүртгэгдсэнээр өвчилсөн хүний тоо 7894 болж, 170 хүн нас барлаа. Үүнтэй холбоотойгоор Америк, Австрали, Нидерланд зэрэг улс Хятад руу үйлдэх нислэгээ зогсоож, Орос Хятадтай хиллэдэг хилээ хаагаад байна.


Их Британи өнөөдөр ЕХ-оос гарна

Ийнхүү Их Британи 47 жилийн дараа ЕХ-г орхиж байгаа ба тус холбоог орхисон анхны улс болж байна. Гэхдээ тэд ЕХ-с гарсан ч энэ оны сүүл хүртэл эдийн засгийн арга хэмжээнд оролцож, худалдааны асуудлыг тохиролцох юм. Их Британичууд “жил бүр олон тэрбумыг гишүүнчлэлийн төлбөрт төлдөг ч маш бага өгөөж хүртэж байна” гэж үзэн 2016 онд ЕХ-оос гарахыг дэмжжээ. 

Таны сонорт


Солонгост хууль бусаар оршин суугаа болон визийн зөрчилтэй иргэд эмнэлэгт хандсан тохиолдолд албадан нутаг буцаахгүй

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр