Жо Байден нэгдүгээр сарын 20-нд Вашингтон хотноо Конгрессын Капитолын ордны өмнө Ерөнхийлөгчийн тангараг өргөхөд түүний өмнөх төрийн тэргүүн Д.Трамп ёслолд оролцоогүй. Тэрбээр Флорида дахь Мар-а-Лаго эдлэн рүүгээ явсан байсан. Америкийн хэвлэл мэдээллийн эх сурвалжууд, Цөмийн зэвсгийн цохилт өгөх тушаал буулгахад ашигладаг кодтой цүнхийг шинэ Ерөнхийлөгчид шилжүүлэх уламжлалт үйл явцад урьд өмнө тохиолдоогүй хүндрэл гарсан тухай өгүүлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдлийн энэ цүнх нь, магадгүй Дэлхийн хамгийн чухалд тооцогдох буй заа. Дотор нь цөмийн цохилт өгөх тушаалыг цэргийнхэнд дамжуулдаг төхөөрөмж бүхий хөнгөн цагаан төмөр хайрцагтай энэ ширэн цүнх 20 кг жинтэй бөгөөд "nuclear football" гэж нэрлэдэг.  Цэргийн нэг офицер  Америкийн тухайн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах мөч хүртэл түүнийг дагалдаж  “цөмийн хөлбөмбөг” цүнхийг авч явдаг ажээ. Тэрбээр шинэ Ерөнхийлөгч тангараг өргөж байх үед цүнхээ өөрийнх нь халааг авах цэргийн өөр офицерт хүлээлгэн өгөх ёстой гэнэ. Дашрамд сонирхуулахад, “цөмийн хөлбөмбөг”-ийг цаг үргэлж Ерөнхийлөгчийн ойролцоо арваад метрийн зайд байлгах журамтай.

Нэгдсэн улсын хэмжээнд "nuclear football" гурав байдаг ба Дэд ерөнхийлөгчид болон тусгай газар хадгалагдаж байдаг нөгөө хоёрыг нь нөөц гэж ойлгож болно. Ерөнхийлөгч амь үрэгдвэл, Дэд ерөнхийлөгчийн "nuclear football" –ийг ажиллуулж эхэлнэ, хоёулаа үгүй болбол тэдний оронд эрх мэдэл авсан албан тушаалтанд гурав дахийг нь өгч, ажиллах төхөөрөмжийг идэвхжүүлэх зориулалттай аж. Зарим хүний хялбарчлан ойлгодог шиг, "nuclear football"  цүнхэнд Ерөнхийлөгч цөмийн зэвсгийн цохилт шууд өгөх товчлуур, код байдаггүй. Ердөө цөмийн довтолгоог эхлүүлэх тушаалыг дамжуулах тусгай төхөөрөмжийг суурилуулсан аж.

Нэгдүгээр сарын 20-нд болсон Тангараг өргөх ёслолд өмнөх Дэд ерөнхийлөгч Майк Пенси оролцсон тул түүний мэдлийн "nuclear football"-ыг зохих журмаар шинэ Дэд ерөнхийлөгч Камала Харрисын туслах цүнх баригч офицерт гардуулсан байна. Харин Дональд Трамп энд ирэлгүй, Флорида муж руу онгоцоор явахад нь Ерөнхийлөгчийн "nuclear football"-ыг хадгалагч офицер түүнтэй хамт нисчээ. ҮҮССЭН НӨХЦӨЛ нь:  Шинэ Ерөнхийлөгч Жо Байдены мэдэлд Вашингтон хотноо өдрийн 12.00 цагт ажиллагаатай "nuclear football"-ыг шилжүүлмээр байдаг, гэтэл Д.Трампын дэргэд хуулийн дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь 11.59 цагт дуусах хүртэл ажиллагаатай "nuclear football" байж байдаг.

Америкийн цэргийн эрх баригчид дээр дурдсан нөхцөл байдлыг хууль зөрчилгүйгээр, Жо Байдены мэдэлд нөөц "nuclear football" цүнхний төхөөрөмжийг 12.00 цагт ажиллагааг нь идэвхжүүлэн шилжүүлж, харин Д.Трампынхыг 11.59 цагт зогсоосноор шийдвэрлэсэн байна. Үдийн хойно цүнх баригч офицер, Д.Трампын эдлэн газар Мар-а-Лагогоос буцаж ирэхдээ түүний хэрэглэж байсан "nuclear football" цүнхийг Вашингтонд авчирч удирдлагадаа хүлээлгэн өгчээ.

 

Эх сурвалж: udriintoim.mn